Хүүхдийг урлаг, соёл, өв уламжлалаар хүмүүжүүлэх төвтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-12-22 09:18:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүнийг төлөвшүүлэн, тулхтай сайхан амьдрах чадамжтай болгох, боловсролын уламжлалаас сайныг нь хадгалан орчин цагийн хэрэгцээ, шаардлага сорилтод нийцүүлэн хөгжлийн төлөө хамтдаа тэмүүлэх зорилготой “Монголын боловсролын уламжлан шинэчлэгдэх төв” өчигдөр үүдээ нээлээ.


Зөв монгол хүнийг төлөвшүүлэхийн тулд сургуулийн өмнөх боловсролоос эхлэн бага, дунд, ахлах анги, их сургуулийн хөтөлбөрт үнэ цэнтэй агуулгыг шингээн, гойд анхаарах хэрэгтэй учраас СЭЗИС болон “Эрхэм баян эрдэм” бүрэн дунд сургууль, “Чадамжид суурилсан шаталсан виртуаль нээлттэй төв” зэрэг байгууллага хамтран энэ төвийг нээж, нэрэмжит танхимтай болгож буй юм.


Тус төвийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал үйл ажиллагааг нээж хэлэхдээ, “Монгол хүн сайхан амьдрах суурь нь сургуулийн өмнөх болон бага боловсролыг ёс журамтай болгох, дунд ангид ёс жудагтай, ахлах ангид ёс зүйтэй болгох зарчимд суурилна” гэдгийг онцлов.


Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, “Монгол хүний үнэлэмж, үнэ цэнийг өсгөх гэж оюун ухаанаа уралдуулж, манай яамны чиглэл гол зорилгод багтаж байгаа соён гэгээрэл, урлагийн боловсролыг хөхиүлэн дэмжиж, зөв хүн бий болгохыг хамтатган дэмжсэн төвийг нээж байгаад баяр хүргэе. Урлагийн боловсролтой болсноор суурь боловсролдоо илүү шамдаж, маш богино хугацаанд мэдлэг, чадвараа ахиулах хөшүүрэг болдог онцлогтой. Зөв замаар, нэг чигтэй, нэгдсэн бодлоготой учраас энэхүү төвийн үйл ажиллагаа Монголын боловсролын системд гүүр болж, дэлхийн өнцөг булан бүрт хүрнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.


Цаашид энэхүү төв цахимаар сурч буй оюутнуудад холбоо харилцаагаа бэхжүүлэх гүүр болохын зэрэгцээ СЭЗИС-ийн харьяа ахлах сургууль, цэцэрлэгийн хүүхдийг мэргэжлийн урлагийн байгууллага, музейн тоглолт, үзвэр, соёлын хөтөлбөрт хамруулж, Монголын соёл уламжлал, урлагийн үнэт зүйлийг таниулан сурталчлах ажлыг СЭЗИС-ийн нээлттэй интерпренер боловсролын төвийн “Монголын иргэншсэн хүмүүн” хөтөлбөрийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх юм.


Түүнчлэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, менежментийн чиглэлээр богино, дунд хугацааны алсын зайны сургалт зохион байгуулж соёл, урлагийн салбарын ажилтнуудыг чадавхжуулж, Монголын соёлын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх аж. 



Холбоотой мэдээ