Орон нутагт ажил авч гүйцэтгэж байгаа компаниуд тухайн аймгаас ажилтан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-12-18 13:06:58

Хэнтий /МОНЦАМЭ/ Ирэх жил ОНХС-гаас 601,3 сая төгрөгийн 13 ажил, Орон нутгийн төсвөөс 260 сая төгрөгийн таван ажлыг сумд руу шилжүүлэхээр болжээ.

Энэ нь эргээд орон нутагтаа хийж буй бүтээн байгуулалтын чанарт анхаарч байна гэж аймгийн Засаг дарга мэдэгдлээ. Тэрбээр 2020 оны улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа удаашралтай ажлуудыг ирэх оны хоёрдугаар сарын 15-нд, ОНХС, орон нутгийн төсвөөр хийж байгаа ажлыг дөрөвдүгээр сарын нэгэнд багтааж хүлээн авна гэлээ. Хэнтий аймгийн зүгээс Засгийн газарт улсын төсвийн 25 ажлын эрх шилжүүлэн авах хүсэлт уламжилсан байна. 2021 он гараад худалдан авалттай холбогдуулж сумдын эрх бүхий албан тушаалтнуудыг бэлтгэж өгөхөөр илэрхийллээ.

Орон нутагт ажил авч гүйцэтгэж байгаа компаниуд тухайн орон нутгаасаа ажилтан ажиллуулахгүй байна, цалингаа өгөхгүй байна гэсэн гомдол их ирдэг аж. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд орон нутгийн боловсон хүчнийг түр ажлын байраар хангах, цалинд анхаарах ёстойг сумдын удирдлагуудад үүрэг болгов.

 2022 оны улсын төсөвт суулгах ажлуудыг энэ жилээс эхлэн бэлтгэж, холбогдох хуулийн дагуу ирэх оны 5-р сарын нэгэн гэхэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлынхаа саналыг, 7-р сарын 15 гэхэд Засвар үйлчилгээний саналыг Сангийн яамны хөрөнгө оруулалтын санд бүртгүүлсэн байх учиртайг захиж, энэ хугацаагаа алдвал дараа дараагийн боломжоо алдана гэдгийг анхааруулав.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумдад тусгагдсан ажлын зураг төсвийг ирэх жилүүдэд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ, Дэд бүтцийн зөвлөлөөс арга зүйгээр хангаж нэгдсэн зохион байгуулалттайгаар анхаарч ажиллахыг онцоллоо. Ингэснээр батлагдсан төсвөө алдах эрсдэл үүсэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Мөн Хогийн шинэ менежментийг сум бүр зохион байгуулахыг даалгалаа. Түүнчлэн Уул уурхайд нэгдсэн бодлоготойгоор хандаж, уул уурхайн ААН, компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, дэд бүтэц, бүтээн байгуулалтад оролцуулж, эргээд тайлагнах асуудлыг сумдад дэвшүүллээ. Ингэхдээ сум дангаараа шийдэхгүй, аймгийн удирдлагуудтай хамтарч нэгдсэн байдлаар зохион байгуулснаар аливаа эрсдэлээс сэргийлж чадна гэлээ.

Холбоотой мэдээ