Залуучуудын гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагааг цахимаар явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-16 15:58:38

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн үйл ажиллагааг энэ оны 12 дугаар сарын 18-20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.  

Тус үйл ажиллагаанд шинэ бизнес эрхлэх хүсэлтэй, 15-34 насны, зөвхөн Ховд аймгийн харьяат иргэн оролцох боломжтой. Иймээс залуу үеийнхэн тус үйл ажиллагаанд идэвхтэй бүртгүүлэн оролцож, танилын хүрээгээ тэлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, хувийн бизнесээ шинээр эхлэх, санхүүжилт авах боломж нээлттэй байна гэж Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ. 

Үүнд оролцогч иргэд ямар ч төрлийн бизнес санаа гарган танилцуулж болох бөгөөд “Startup Mongolia” байгууллагын гарааны бизнесийг дэмжих гурван өдрийн сургалтад оролцох аж.

Ингэхдээ бизнес санаагаа хөгжүүлж багаар ажиллах, шилдэг бизнес төслөө танилцуулах замаар шалгаруулалтад орох юм. Уг үйл ажиллагаа нь улсын Онцгой комиссын зааварчилгааны дагуу цахим хэлбэрээр өрнөнө. 

Улмаар шинэ, шилдэг бизнес төсөлд хүүгүй, барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй 10 сая төгрөгийн санхүүжилт олгож, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм.  

Тус үйл ажиллагаанд бүртгүүлэх, оролцох хүсэлтэй иргэд 86778607, 94058805, 80878805 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Холбоотой мэдээ