Махны экспортын асуудлаар Засгийн газарт чиглэл өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-12-16 14:37:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий тус байнгын хорооны ажлын багийн мэдээллийг сонсов.


Монгол Улсад энэ оны 10 дугаар сарын байдлаар мал төхөөрөх, мах боловсруулах, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 175 үйлдвэр ажиллаж байна. Дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 53 үйлдвэр байгаагаас 13 нь экспортын зөвшөөрөл авжээ. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл 2020 онд адууны мах 27.9 мянган тн, үхрийн мах 8.3 мянган тн, дулааны аргаар боловсруулсан мах 26.6 мянган тн-ыг, үүнээс үхрийн мах 8 мянган тн, хонины мах 6.6 мянган тн, ямааны мах 12.0 мянган тн байхаар тогтоосон байгааг ажлын багийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулав.


Ажлын багийнхан мax бэлтгэдэг болон үйлдвэрлэж, экспортлодог аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзсэн байна. Энэ үеэр аж ахуйн нэгжүүдээс үйлдвэрийн хүчин чадалд тооцож зөвшөөрөл өгдөггүй, зөрим нэг үйлдвэр авсан зөвшөөрлөө бүрэн ашиглаж чаддаггүй, махыг экспортод гаргахад гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны улмаас зарим хүндрэл үүсдэг тухай танилцуулжээ. Иймд ажлын багаас Засгийн газарт чиглэл өгөх тухай дараах тогтоолын төсөл боловсруулсныг танилцуулав. Үүнд,


1.Мах экспортлох зөвшөөрлийг зөвхөн нэг улсаас хамааралтай олгож байгаа нь энэ төрлийн цөөн хэдхэн аж ахуйн нэгжид давуу эрх олгож үндэсний аж ахуйн нэгжийн хувьд өрсөлдөх чадваргүй болгож байгааг анхаарах;


2.мах экспортлогч үндэсний аж ахуйн нэгжүүдийг мах бэлтгэлийн үед бага хүүтэй, урт хугацаатай зээлийн эх үүсвэрээр дэмжих;


3.Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрөл олгохын өмнө ажлын баг байгуулж мах бэлтгэл, агуулахын нөөц, махны гэрээ, аж ахуйн нэгжийн үйлдвэрийн хүчин чадал зэрэгтэй уялдуулан зөвшөөрлийг олгож байх;


4.аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн дулааны боловсруулалт хийсэн 2 мянган тн үхэр, 9 мянган тн бог, 3 мянган тн адууны ясгүй түүхий хөлдүү махны экспортын зөвшөөрлийг шинээр олгох;


5.2020 онд олгосон экспортын махны зөвшөөрлийн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 01- хүртэл сунгах асуудлыг шийдвэрлэх;


6.экспортод гаргаж байгаа мах, махан бүтээгдэхүүний тодорхой хувь нь чанар, стандартын шаардлага хангахгүй байгаа тул мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг сайжруулж, оновчтой зохион байгуулалт хийх;


7.экспортод гаргах түүхий болон дулааны аргаар эсхүл, бүрэн боловсруулсан махны гаалийн бүрдүүлэлтийг гүний гаалийн байгууллага хийж, гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгчээр тээвэрлүүлэн хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэж байгааг судалж шийдвэрлэх;


8.хилийн чанадад гаргах түүхий болон дулааны аргаар эсхүл, бүрэн боловсруулсан махыг тээвэрлэхэд гаалийн байгууллагаас олгох итгэмжлэлд тавигдах шалгуурыг ил тод болгох;


9.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед махны экспортыг тасралтгүй явуулах, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас мах, махан бүтээгдэхүүний импортод эрүүл ахуй, хорио цээрийн хяналтыг хэрэгжүүлж буй арга хэмжээ, жолоочийн аюулгүй байдал, тээвэрлэлтийг хэрхэн хамтран зохион байгуулах талаар импортлогч талтай холбогдох нөхцөл, шаардлагыг яаралтай тохиролцох.


Ажлын багийн боловсруулсан санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход малын гарал үүсэл, бүртгэлжилт болон эрүүл ахуйн асуудлыг шийдвэрлэх нь нэн шаадлагатай болохыг онцоллоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталсны дараа 50 орчим сая толгой малд эрүүлжүүлэх тарилга хийсэн гэв.


Ийнхүү уг тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн 80 хувь дэмжиж, батлав.

Холбоотой мэдээ