Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-12-15 18:30:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.


Хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомжийг шинэчлэх, үнэлгээний олон улсын стандартын зарчмуудыг нэвтрүүлэх, хуулийн маргаантай заалтуудыг тодруулах, одоо үйлчилж байгаа эрх зүйн орчны хийдэл, давхардлыг арилгах, сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох зайлшгүй шаардлага тулгарч буй учир хуулийн төслийг шинэчилсэн найруулсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.


Хуулийн төсөлд хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаанд оролцогч үнэлгээчин, үйлчлүүлэгч, хэрэглэгч гэсэн талуудын оролцоог жигд хангах, олон нийтийн эрх ашгийг хөндсөн хуулийн этгээдийн хөрөнгийн үнэлгээ, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, худалдах, зээлийн зориулалтаар барьцаалах, өр төлбөрт тооцох, иргэд аж ахуйн нэгжээс эргүүлэн татан авах зэрэг тодорхой тохиолдолд заавал тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр үнэлүүлэхээр тусгажээ. Хөрөнгийн үнэлгээний талаарх бодлогыг тодорхойлж шийдвэрийг гаргахдаа төрийн болон мэргэжлийн байгууллага, үнэлгээний хуулийн этгээдийн оролцоог нэмэх, харилцан уялдаатай байлгах зорилгоор мэргэжлийн хороог Саххүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулах зохицуулалтыг шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ.


Уг хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хуулийн төслийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.


Мөн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэн, нэг төсөл болгож хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулан байгуулав.

Холбоотой мэдээ