Монгол Улсад хэрэгждэг төсөл, хөтөлбөрийн уялдааг сайжруулах талаар хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-15 15:54:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн зохицуулалтын платформ”-ын анхны уулзалт өнөөдөр болов.


Уулзалтыг нээж, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ, “ХХААХҮЯ-наас АХБ, Дэлхийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ийн дэмжлэгээр 6 томоохон төсөл, олон улсын арваад байгууллагатай хамтран буцалтгүй тусламж, техник туслалцааны 20 гаруй төсөл хэрэгжүүлж байна.

Эдгээр төслийг үр ашигтай хэрэгжүүлэх, үр дүнг ахиулах, харилцан уялдаа холбоотой зохицуулалт, механизмыг хөгжүүлэх хэрэгтэй. Дээрх төсөл, хөтөлбөрүүд  2020-2025 онд хэрэгжихэд урт хугацааны нэгдсэн зохицуулалт шаардлагатай”-г тэмдэглэв.


Энэ үеэр Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлдэг “Ногоон алт-малын эрүүл мэнд” төсөл, ЕХ-ноос Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр,  НҮБХХ-өөс “Уур амьсгалын ногоон сан” санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар мэдээллээ. 


Мөн Монгол Улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн уялдаа холбоог хангаж, үр дүнг нь сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.


Уулзалтад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павид Рамачандран болон албаны хүмүүс оролцов.  

Холбоотой мэдээ