Хөл хориог үе шаттай буурууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-14 09:03:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Батцэнгэл сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумаас бусад газарт өнөөдөр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байна.


Тодруулбал, дотоодод коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, улмаар хэд хэдэн газарт голомт бүртгэгдсэн тул өнгөрсөн сарын 12-ноос бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн билээ. Улмаар Олон улсын байгууллагын дүгнэлт, мэргэжлийн байгууллага, эрдэмтдийн зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгжид учрах эдийн засаг, санхүүгийн эрсдэлийг даван туулах зорилгоор хөл хориог үе шаттай бууруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг УОК энэ сарын 9-нд гаргасан. Ийнхүү өнөөдрийн 06.00 цагаас зэрэглэлийг бууруулж байгаа юм.

Харин Архангай аймгийн Батцэнгэл сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг энэ сарын 21-ны 06.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Өнөөдрөөс доорх 18 салбар хэвийн ажиллах бол бусад салбарын ажлыг үе шаттай нээх юм. Үүнд: 

-Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа

-Банк, санхүү, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа

-Газрын бүтээгдэхүүн, тосны түлш, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа 

-Хот, суурин ус хангажт, ариутгал татуургын үйл ажиллагаа

-Эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа

-Хэвлэл мэдээлэл, Харилцаа холбоо, Шуудан илгээмжийн үйл ажиллагаа

-Онц чухал болон стратегийн чухал ач холбогдол бүхий обьектын үйл ажиллагаа

-Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа. Үүнд, үсчин, гоо сайхны байгууллага хамаарахгүй. Зөвхөн үйлдвэрлэл.

-Арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагаа

-Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

-Сав баглаа, боодол хэвлэх үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 

-Модон эдлэл, барилгын хийж, материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа

-Хүнсний үйлдвэрлэл, борлуулалт, худалдаа түгээлт

-Бараа материалын цахим худалдаа үйлчилгээ худалдаа, хүргэлтийн үйл ажиллагаа. Онлайн худалдаа. 

-Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /тооны хязгаарлалттай/. 

-Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа.

-Шүүх, прокурор, өмгөөлөл нотариатын үйл ажиллагаа

-Оршуулгын газрын үйл ажиллагаа.

Холбоотой мэдээ