Ерөнхийлөгч Х.Баттулга Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн цахим уулзалтад оролцож үг хэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-12-13 12:12:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр батлагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан өчигдөр, 2020 оны 12 дугаар сарын 12-нд “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох тухай” дээд хэмжээний цахим уулзалт олон улсын хэмжээнд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцож үг хэллээ.

Дэлхий даяар тархсан “COVID-19”-ийн цар тахлын нөхцөл байдал сайжрах цагт улс орнууд эдийн засгаа ногоон, илүү тэсвэртэй, тогтвортой замаар сэргээх, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт тусгасан зорилгуудад хүрэхийн тулд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгуудаа ахиулан тодорхойлох шаардлага үүсээд байна. Ийм учраас НҮБ, Их Британи болон Франц улс хамтран “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-ыг зохион байгууллаа.

Дээд хэмжээний цахим уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөгч оролцон үг хэлж, Парисын хэлэлцээрийн хүрээнд тодорхойлсон үндэсний хувь нэмрээ ахиулан тодорхойлж, хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхэд чиглэсэн урт хугацааны бодлогоо танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн нийт салбар, хүн ардын амьдрал ахуйн бүх түвшинд эрсдэлийг нарийн тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад оруулах хувь нэмрийг тусгасан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийг баталж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээд хэмжээний цахим уулзалтад хэлсэн үгийнхээ эхэнд, цар тахлын гамшиг дэлхийг бүхэлд нь хамарч буй энэ үед уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг илүү их анхаарч, сөрөг үр дагаврыг нь бууруулах талаар шийдэмгий, дорвитой алхам хийх шаардлагатай байгааг тэмдэглэв.


Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулах амлалтаа улам ахиулж, 27.2 хувьд хүргэх бололцоотой.



Улмаар эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, даван туулах хувилбаруудыг боловсруулах нь нэн тулгамдсан асуудал гэдгийг онцоллоо.

Мөн тэрээр, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийн баримт бичигт тусгасан хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулах амлалтаа улам ахиулж, 27.2 хувьд хүргэх бололцоотой гэдгийг дуулгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгийнхээ төгсгөлд, байгаль-эхээ аврах, уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах, сөрөг нөлөөтэй тэмцэхэд нийт хүн төрөлхтний хүчин чармайлт, сэтгэл зүтгэл чухал тул монголчууд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.

Холбоотой мэдээ