“Дэлхийн ардчиллын төлөв байдал" цахим хэлэлцүүлэгт оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-12-12 17:46:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Дэлхийн ардчиллын төлөв байдал илтгэлийн танилцуулга ба "COVID-19" цар тахлын үед Монгол Улсад болсон сонгуулийн сорилт, бэрхшээлүүд” сэдэвт цахим хэлэлцүүлэгт оролцлоо.

 Хэлэлцүүлгийг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стокгольм хотноо төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-тэй хамтран өчигдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын ардчиллын төлөв байдал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх сэдвийн хүрээнд 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжин 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш Монгол Улсын хүрсэн ололт, амжилт, үүний зэрэгцээ улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс хамааран тулгарсан сорилт бэрхшээлийг тоймлон ярьж, эдгээрээс үүдэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэнийг тэмдэглэв.

Тэрбээр 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ач холбогдлыг багцлан танилцуулахдаа, эдгээр нэмэлт өөрчлөлтийн гол зорилго нь төрийн эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэртэй тогтолцоог хангах механизмыг Үндсэн хуульд суулган баталгаажуулах. Тодруулбал, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг зөвхөн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тодорхойлж, Үндсэн хуулиас өөр бусад хуулиар эрх олгохгүй байх, Ерөнхий сайдад Засгийн газрын бүрэлдэхүүнээ томилох, чөлөөлөх эрх олгосон. Ингэснээр эрх мэдэл, хариуцлагыг нэмэгдүүлэх, байгалийн баялагтай холбоотой асуудалд эрх тэгш байдлыг баримтлахаас гадна одоо болон хойч үеийнхнийг эрүүл орчинд амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх байгаль орчны хамгаалалтыг хангах, шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, шүүгчийн хараат бус байдлыг хангах зэрэг зохицуулалтуудыг Үндсэнд хуульд хуульчлан оруулж өгсөнд оршиж байгааг онцоллоо.

Энэхүү цахим хэлэлцүүлэг нь Монгол Улсын ардчиллын одоогийн төлөв байдал, ололт, сорилт бэрхшээлийн талаар зөв ойлголт өгч, мэдээлэл хуваалцахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болов гэж УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсээс мэдээлэв.


Холбоотой мэдээ