Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-12-10 18:52:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асуу, саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын УИХ-ын дарга Г.Занданшатар, “Багийн дарга анхан шатны нэгжийн хувьд төрийн албан хаагч байх нь оновчтой гэж судлаачид үздэг. Энэ асуудлыг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багсгийнхан судалж, эргэж харах хэрэгтэй. Манайх шиг нүүдлийн соёл иргэншилтэй улсад хамгийн тохиромжтой удирдлагын хэлбэр бол аравтын зохион байгуулалт гэж үзэж байна” хэмээв.

Мөн хуулийн төслийг Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэллээ. Мөн тэрбээр, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сум, Хилийн Алтанбулаг, Замын-Үүд боомтын эмнэлгийн жилийн зардалд тусгасан төсөв сарын дотор дуусдаг. Энэ мэт эдийн засагт нөлөө бүхий том сумдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд, “Маш том шинэчлэлийн хууль орж ирж байна. Засаг захиргааны нэгжийг яаж нэгтгэх вэ гэдгээ одоо ярья. Сум нь 2000, төв нь 500-хан хүнтэй газар олон бий. Тэр суманд дээрээ орон сууцны контор, соёлын төв, музей барьдаг. 200 хүүхэдтэй суманд 600 хүүхдийн сургууль барьдаг. Энэ байдал Монгол Улсыг хөгжүүлэхгүй хойш татаад байна. Тиймээс 330 сумаа нэгтгэж, ажлын байр бий болгох ёстой” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “ИТХ үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол Засгийн газар тараана гэсэн байна. Засгийн газар төлөөллийн байгууллага биш шүү дээ. ИТХ-ын даргыг хуучин чөлөөлөх гурав, дөрвөн заалт байсан. Энэ заалт байхгүй болсон байна” хэмээн шүүмжлэв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, “Төсөлд төрийн албаны суурь зарчимтай зөрчигдөж байгаа асуудал байна. Тамгын газрын даргыг Засаг дарга зургаан жилийн хугацаатайгаар томилно гэж хугацаа заасан нь ямар учиртай юм бэ. Тамгын газрын дарга бол төрийн мэргэшсэн албан хаагч. Гэтэл хугацаа зааж томилох нь ойлгомжгүй байна. Төрийн жинхэнэ албаны мэргэшсэн тогтвортой байх гол зүйл энэ өөрчлөлтийн хүрээнд алдагдах гээд байна. Мэргэшсэн, төрд олон жил ажилласан хүнийг өөрийнх нь хүсэлтээс бусад шалтгаанаар халах, чөлөөлөх асуудлыг төр өөрөө хамгаалахаар Төрийн албаны шинэчилсэн хуульд тусгасан. Төрийн албаны суурь зарчимтай зөрчилдөх энэ заалтыг дэмжихгүй байна” гэсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг хуулийн төсөлтэй холбоотой 82 зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор аймаг, сум, нийслэл, дүүрэг эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэж өөрчлөн найруулахийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн төслийн 18 дугаар зүйлийн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч” гэсэн гарчгийг “Аймаг, сум, нийслэл, дүүргийн өмч” гэж өөрчлөх, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг хасахыг, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “нийслэл” гэж нэмэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төслийн 61 дүгээр зүйлд “61.1.22 Сумын Засаг даргын орлогч, Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах” гэсэн 61.1.22 дахь заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэрийг төрийн албан ёсны хэлээр нэрлэж, хаягийг монгол хэлээр нэрлэх агуулга бүхий 14.3 дахь заалтыг нэмэхийг хуралдаанд гишүүд дэмжлээ.

Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Ташрамд дурдахад коронавирусний эрсдэлээс сэргийлэх үүднээс УИХ-ын гишүүд Төрийн ордны 5 танхимд хуваагдаж, цахимаар холбогдон хуралдаандаа оролцож байна.

Холбоотой мэдээ