Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг 12 дугаар сарын 15 хүртэл цахимаар авч байна.
Өнгөрсөн долоо хоногт аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан болж, тус хуралдаанаар Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг
батлахаар оруулсан хэдий ч Засаг дарга Ц.Мөнхбат үүрэгт ажлаа хүлээж аваад
удаагүй байсан тул асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулсан.
Ирэх дөрвөн жилд аймгийн бизнес, эдийн засаг, нийгмийн
хөгжил, иргэдийн амьдрал амьжиргаа ямар байх нь энэхүү хөтөлбөртэй шууд холбоотой
учраас иргэдийн оролцоо чухал.
Аливаа төсөл хөтөлбөрийн төлөвлөх үе шатанд иргэд идэвхтэй
оролцсоноор хэрэгжүүлэх, хяналт тавихад оролцдог гэж үздэг.
Хэдийгээр аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын
зэрэгт шилжин ажиллаж байгаа ч утсаар болон цахимаар саналаа өгөх боломжтой тул
Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулахад идэвхтэй оролцохыг
аймгийн ЗДТГ-аас уриалж байна.