А.Амбасэлмаа: Шинээр халдварын голомт үүсээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-12-10 12:11:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймгуудад "COVID-19" халдвар илрүүлэх PCR лабораторийн аппаратуудыг суурилуулж буйг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээллээ. 

Тэрээр сэтгүүлчдийн тавьсан "Мэргэжлийн үүднээс та бүхэн "COVID-19"-ийн тархалтыг зогсоож чадсан гэж үзэж байна уу? Ирэх даваа гарагаас өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжихэд бэлэн байна уу? Өдөрт хэчнээн хүнд PCR шинжилгээ хийх боломжтой байдаг вэ? Оношлуурын нөөц хэр байгаа вэ?" гэсэн асуултад, "Бид PCR-аар хоногт 21-30 мянган шинжилгээ хийж байгаа. Улсын хэмжээнд хот хөдөөгүй тандалтын болон сонгож авсан, мөн тохиолдол бүртгэгдсэн иргэдтэй ойр байсан хүмүүсийг шинжилж байна. 



Бүх аймагт PCR аппарат суурилуулж байна.


Өнөөдрийн байдлаар нийслэлд ХӨСҮТ дээр 3 том лаборатори, мөн ЗӨСҮТ-д өөрийнх нь лаборатори, явуулын 2 автолаборатори тус тус ажиллаж байгаа. Мөн Дархан-Уул, Ховд, Өмнөговь, Дорнод, Сэлэнгэ аймагт PCR-ийн шинжилгээ авах аппарат ажиллаж байна. Үргэлжлүүлээд бид бэлтгэл ажлын хүрээнд PCR-ийн шинжилгээ авах аппарат суурилуулж байна. Оношлуурын нөөц хангалттай байгаа" гэсэн хариуг өглөө.

Тэрээр халдварын тархалтын өнөөдрийн байдлын талаар хэлэхдээ, "Бид ямар ч байсан эхний ээлжинд батлагдсан тохиолдлуудынхаа ойр байсан хүмүүсийг буюу хавьтлын иргэдийг олсон. Эдгээр хүмүүсээ хянан тандаж байна. Шинээр голомт үүсээгүй байна. Шинээр голомт үүсээгүй бол, ерөнхийдөө батлагдсан тохиолдлуудын хавьтлыг хяналтдаа авч, голомтын цар хүрээг тогтоолоо үздэг" гэдгийг мэдэгдлээ. 


Холбоотой мэдээ