Олимпын бамбарын буухианд алдартнуудыг оролцуулахгүй байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2020-12-10 10:22:25

ТОКИО. /Kyodo/. Японы Засгийн газар коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Токиогийн зуны Олимпын наадмын галт бамбарын буухианд оролцох хүмүүсийн жагсаалтаас алдартнуудыг хасах талаар хэлэлцэж байна.


Буухиан замын дагуу хэт олон үзэгч цугларах эрсдэлийг багасгахын тулд эрх баригчид ийм алхам хийхээр төлөвлөжээ. Энэ нь халдварын тохиолдлыг нэмэгдүүлж, наадмын өмнө болон зохион байгуулах үеэр халдварын тархалтын байдалд нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа аж.


Японы Засгийн газар мөн ивээн тэтгэгчдэд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг үзэгчдэд тараахыг хориглох асуудлыг хэлэлцэж байна. Харин Олимпын наадамд оролцож байсан тамирчдыг оролцуулахыг зөвшөөрч байгаа боловч аюулгүй байдлын бүхий л арга хэмжээг авч, тодорхой хязгаарлалт тогтоосон нөхцөлд л зөвшөөрөх аж.


Үүний зэрэгцээ Засгийн газрын ийм бодлого нь Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулсны улмаас санхүүгийн хохирол амссан ивээн тэтгэгчид болон орон нутгийн эрх баригчдын шүүмжлэлтэй тулгарч магадгүй байна.


Ирэх жил Токио хотноо болох зуны Олимпын наадмын бамбарын буухиа гуравдугаар сарын 25-нд Фүкүшима мужаас эхэлнэ. Буухиа 121 хоног үргэлжлэх бөгөөд бамбарыг тус улсын бүх 47 мужаар аялуулах юм.


Токиогийн Олимпын наадам энэ оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан билээ.


Холбоотой мэдээ