Нийслэлээс гадна долоон аймагт PCR шинжилгээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-09 12:05:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд халдвар авсан хүний ойрын харилцагч 1286 хүн нийт 46 тусгаарлах байранд байна. Нийслэлд 10 тусгаарлах байранд 362 ойрын харилцагч байгааг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.


-“Алтай” зочид буудалд тусгаарласан 29 хүнээс 2 хоногийн өмнө халдвар илэрсэн. Нэг дор олон хүнээс илэрсэн нь тусгаарлах байрны орчин нөхцөл болон эмч нар хамгаалалтын нэг хувцастай бүх хүнээс шинжилгээ авч байгаатай холбоотой юу? “Алтай” зочид буудлыг тусгаарлах байрны зориулалтаар хэзээнээс ашигласан бэ?


“Алтай” зочид буудалд тусгаарлагдсан 20 гаруй хүнээс халдвар илэрсэн. Энд батлагдсан 4 тохиолдлын ойрын харилцагчдыг нэг нэгээр нь тусгаарласан. Нийт 6 гэр бүлийн 20 хүн өвчилсөн. Нэг гэр бүлийн хүмүүсийг хамтад нь тусгаарласан. Гэр бүлийнх нь хүн өвдөхөд 14 хоногийн эрсдэл бий. Энэ хугацаанд халдвар илэрсэн. Тусгай үүргийн онгоцоор гадаадаас иргэдээ авснаас хойш энэ буудлыг ажиглан тусгаарлах байраар сонгосон. Мэргэжлийн байгууллагаас авсан зөвшөөрлийн дагуу хүмүүсээ авдаг. ХӨСҮТ хүмүүсээ байрлуулж, хяналт тавих ажлаа зохион байгуулсан.


-Хэдэн тусгаарлах байранд хэчнээн хүн байна вэ? Гэрийн хорионд байлгаж болохгүй юу?

Халдварын ойрын харилцагчийг тусгайлан бэлтгэсэн ажиглалтын байранд байрлуулах төлөвлөгөөний дагуу  тусгаарлаж байна. Хоёр дахь ойрын харилцагчийг гэрийн ажиглалтад 14 хоног тусгаарлаж байгаа. Улсын хэмжээнд тусгаарлах 46 байранд 1286 хүн байна. Нийслэлд 10 тусгаарлах байранд 362 ойрын харилцагч байгаа. Түрүүчийн ойр харилцсан хүмүүсийн шинжилгээ сөрөг гарсан тул гэрийн 14 хоногийн ажиглалтад гаргасан.


-Эмч, ажилчид халдвар аваад байгаа нь хаанас халдварлаж байна вэ? Хувцас хэрэгслийн нөөц хэр байгаа вэ?

Эмч, ажилчид халдварт өртөж байгаа нь хамгаалах хувцас хэрэгслийн хүрэлцээгүй байдлаас болоогүй. Бидэнд нөөц хангалттай байгаа. Өвчтөнтэй ажиллах, хувцсаа тайлах үед л халдвар авах эрсдэл их байна. Дэлхий дахинд эмнэлгийн ажилчид халдварт өртөх нь маш их байгаа. Олон хоног ажиллаж ядрах, ачаалал ихсэх, ямар нэгэн санамсаргүй алдаа гаргах, хамгаалалтын хувцас тайлах үед халдвар авах эрсдэлтэй байна. ХӨСҮТ ажилтнуудаа дархлаажуулахад анхаарч байгаа.


-Хэдэн аймагт PCR шинжилгээ хийж байна вэ?

Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд PCR шинжилгээ хийж байгаа. Бусад аймагт суурилуулах ажил эхэлсэн.


-Түргэн оношлуураар хийсэн шинжилгээ PCR-тай зөрж байна. Түргэн оношлуур заавал хэрэглэх шаардлагатай юу?

Түргэн оношлуур маш үр дүнтэй. Энэ нь 97-98 хувийн баталгаатай тул зарим нь батлагдана, зарим нь батлагдахгүй. Ганц нэг эерэг гараад лабораториор сөрөг гарах тохиолдол бий. Гэхдээ түргэвчилсэн оношлуураар хүмүүсээ оношлох нь маш ач холбогдолтой. Бүх газар PCR шинжилгээ хийх лабораторийн хүчин чадал байхгүй.


-Орон нутаг руу явах иргэдийн шинжилгээний хариу удаан гарч байна. Хурдавчлах боломж байна уу?

Лабораториор арав, хорин мянгаар шинжилгээ хийж, хариу тухай бүртээ гардаг. Шинжилгээний хариу шивэх, ард иргэдэд хүргэхэд саад гарсан нь одоо жигдэрч байгаа. ХӨСҮТ халдвартай хүмүүс, ойрын хавьталд онцгой анхаарч байгаа. ЭМЯ, НЭМГ-аас тусгай цэгүүд болон  айлуудаас авсан тандалтын шинжилгээг лабораторид хийлгээд дүнг нь www.119.mn сайтаар хүргэж байгаа. Орон нутгаас гарахаас 72 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байгаа. Шинжилгээ өгсөн байх нь чухал. 

Холбоотой мэдээ