2021 оны төсвийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-06 19:31:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар тус аймгийн 2021 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа.

Хуралдаанд төсөв батлахтай холбоотой гурван илтгэлийг сонсож хэлэлцсэн юм. Тодруулбал, ирэх оны төсвийн тухай аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн тухай ХОХБТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир нар танилцуулсан бол Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Наранцацрал Аудитын газраас 2021 оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтийн тухай танилцуулга хийсэн.

Аудитын газрын дарга Х.Наранцацрал тус аймгийн 2020 оны төсвийн орлого эхний 10 сарын байдлаар 113.1 сая төгрөгөөр тасарч байгааг дурдаад, 2021 оны төсвийн суурь орлогыг 6,825.3 сая төгрөг байхаар Сангийн яамнаас тооцож ирүүлснийг онцолж, 2021 оны төсвийн төсөлд орлого нэмэгдүүлэх, орлогыг бүрэн төвлөрүүлэх талаар зургаан саналыг хүргүүлж байгаагаа танилцуулсан.

Тодруулбал, хог хаягдлын үйлчилгээний орлогыг 30,0 сая төгрөгөөр, авто зам, замын байгууламж ашигласны хураамжийн орлогыг 23.7 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байгааг тооцон харуулж, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг бүрэн төвлөрүүлэх, малын тоо толгойн албан татварыг тогтоох, аймгийн дулааны шугамын түрээсийн төлбөрийн хэмжээг тогтоон орлогоо нэмэгдүүлэх, хөрөнгө борлуулсны орлогыг бүрэн төвлөрүүлэх, орон нутгийн өмч хөрөнгөд тавих хяналтыг сайжруулах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг санал болгосон юм.

Тус аймгийн 2021 оны төсвийн төсөлд нийт зарлагыг 17,148.1 сая төгрөгөөр тусгасан нь өмнөх оныхоос 1,089.2 сая төгрөгөөр буурсан ба 2017-2020 онд жил бүр зарлага өсч байсан бол ирэх оны төсвийн зарлага буурсан байгааг тэрээр сайшаасан юм.

2021 оны аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг татварын болон татварын бус орлогоос 4,988,955 мянган төгрөг, улсын төсвөөс аймгийн төсөвт авах санхүүгийн дэмжлэгээс 10,412,716,3 мянган төгрөг, мөн орон нутгийн ерөнхий орлогын үлдэгдэл болон бусад орлого гээд нийт 52,571,274.2 мянган төгрөг байхаар баталжээ.

Харин ирэх оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг аймгийн төвийн шууд харьцдаг төсөвт байгууллага, сумдад олгох санхүүгийн дэмжлэг, сумдад олгох тусгай зориулалттай шилжүүлгийн санхүүжилт, мөн сумдад олгох ОНХС-гийн орлогын шилжүүлэг гээд нийт 52,571,274.1 мянган төгрөгөөр баталсан байна.

ОНХС-гийн 8,685,685,8 мянган төгрөгөөр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр баталсан ба түүний 2,150,065.2 мянган төгрөгийг 2020 оны үлдэгдлээс санхүүжүүлэх аж.

Харин Орон нутгийн хөрөнгө оруулалтын 241,600.0 мянган төгрөгөөр есөн ажлыг гүйцэтгэхээр төсвөө баталлаа.  

Холбоотой мэдээ