Ж.Байден, Д.Трамп нарын саналын зөрүү долоон сая давжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-12-05 18:06:52

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нарын саналын зөрүү долоон сая давсан бөгөөд хэд хэдэн муж улсад саналын хуудасны тооллого үргэлжилж байгаа тул цаашид улам нэмэгдэж магадгүй байна.


Саналын зөрүү ийнхүү долоон саяд хүрсэн нь 2000 оноос хойш бүртгэгдсэн хоёр дахь өндөр үзүүлэлт бөгөөд 2016 оны сонгуулийн үеэр олны анхаарлыг ихэд татаж байсан Хиллари Клинтон, Д.Трамп нарын саналын зөрүүнээс ойролцоогоор 2.5 дахин илүү ажээ.


Ж.Байден баасан гаргийн байдлаар 81.2 сая орчим санал авсан нь АНУ-ын түүхэнд бичигдэх хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Мөн Д.Трампад 74.2 сая сонгогч саналаа өгснөөр тэрбээр Америкийн түүхэн дэх хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн хоёрдугаарт бичигдэж байна.


Хэдийгээр Ж.Байден илт ялалт байгуулж, Д.Трампын засаг захиргаа эрх мэдлээ шилжүүлэн өгөх үйл явцыг эхлүүлээд байгаа боловч Ерөнхийлөгч ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, сонгууль будлиантай болсон гэх батлагдаагүй мэдэгдлийг үргэлжлүүлэн хийсээр байгаа юм.


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад аливаа нэр дэвшигч сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авах ёстойгоос Ж.Байден 306 санал, Д.Трамп 232 санал аваад байгаа юм.


Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор америкчууд энэ жил цахим шуудангаар саналаа өгөхийг илүүд үзсэн бөгөөд саналын хуудасны тооллого санал хураалтын өдрөөс хойш хэдэн хоног, хэдэн долоо хоногоор ч үргэлжилж болохыг мэргэжилтнүүд анхааруулж байсан билээ.


Д.Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буйг үл харгалзан Ж.Байден засаг захиргаагаа эмхлэн байгуулах ажлаа эхлүүлж, хэд хэдэн гол албан тушаалтныг нэрлээд байгаа юм. Тэрбээр мягмар гарагт Сангийн сайдаар Жанет Йелленийг нэрлэсэн юм. Энэхүү шийдвэрийг Сенат баталбал тэрбээр хамгийн анхны эмэгтэй Сангийн сайд болно. 

Холбоотой мэдээ