Коронавирусний вакцин худалдан авах талаар Засгийн газар, УОК-т чиглэл өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-12-01 07:28:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Англи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компанийн удирдлагатай цахим уулзалт хийж, тус компанийн боловсруулж буй коронавирусний эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцлоо.


“AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран боловсруулж буй “AZD1222” вакцин 70 хувийн үр дүнтэй байгааг тус компани 11 дүгээр сарын 23-нд мэдээлсэн билээ.


Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвартай тэмцэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа вакциныг боловсруулахад “AstraZeneca” компани ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг сайшаав.


Тэрбээр үргэлжлүүлэн, Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ төвлөрсөн нь өндөр эрсдэл дагуулж буй учраас цар тахлын эсрэг вакцин гарсан даруйд нийт хүн амаа богино хугацаанд хамруулах нь чухал болоод байна гэлээ. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус компанийн боловсруулж буй вакциныг үйлдвэрлэж эхлэх үед тэргүүн ээлжинд худалдан авах сонирхлоо илэрхийлэв.


“AstraZeneca” компанийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр ач холбогдол өгч, холбогдсонд туйлын баяртай байна гээд, цар тахлын эсрэг вакциныг худалдаанд гармагц тэргүүн ээлжинд нийлүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаан, хамтран ажиллахаа илэрхийллээ.


Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “AstraZeneca” компанийн вакциныг худалдан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдлээ.

Холбоотой мэдээ