Аж ахуйн нэгжүүд 535 ажлын байр санал болгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-30 12:56:45

Хөдөлмөрийн яам, түүний харъяа агентлагууд болон хувийн хэвшлийн байгууллагуудаас иргэдэд 535 ажлын байрыг санал болгож байна.

Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлсэн “Ажилтай орлоготой Монгол хүн“ хөтөлбөрийн үр дүнг танилцуулах, иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах зорилго бүхий “Ажилтай орлоготой монгол хүн-хөдөлмөрийн өдөрлөг”-ийг өнөөдөр Хөдөлмөрийн яамнаас Чингисийн талбайд зохион байгуулж байна. 11 зорилт, 71 арга хэмжээ бүхий “Ажилтай орлоготой Монгол хүн“ хөтөлбөрийн хэрэгжилт одоогоор 87 хувьтай байгаа бөгөөд нийт 60 мянга орчим ажлын байр бий болгосон гэдгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өдөрлөгийн нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Хөтөлбөрийн төр, хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн санаачилгад тулгуурласан хөдөлмөр эрхлэлтийн бодлогод тулгуурлан 150 мянгаас доошгүй ажлын байр бий болгох хөтөлбөрийн зорилт бүрэн хэрэгжиж, 166.4 мянган ажлын байр шинээр бий болсон. Үүнээс 5 хувь нь өндөр бүтээмжтэй уул уурхай, олборлох салбарт, 19 хувь нь боловсруулах үйлдвэрт, 18 хувь барилга, 21 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарт бий болжээ. Мөн  улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой шинээр ажлын байр бий болгох, хадгалахад чиглэсэн бүтээн байгуулалтын олон ажлыг хэрэгжүүлсэн.

Тухайлбал, 2013-2014 онд уул уурхай, эрдэс баялгийн чиглэлээр томоохон 42 үйлдвэр  ашиглалтад орсноор тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн тоо 1155 болж, 2012 оноос 67,1  хувиар өссөн. 123 МВТ хүчин чадалтай ДЦС-IY, 50 МВТ хүчин чадалтай ДЦС-III өргөтгөл, 348 МВТ хүчин чадалтай Амгалангийн ДЦС-уудыг ашиглалтад оруулснаар 374 мянган өрхийг цахилгаанаар, 100 мянган өрхийг дулаанаар ханган 1000 гаруй эрчим хүчний инженер, техникийн болон мэргэжлийн ажилтнууд ажлын байраар хангагдсан байна. 2013-2015 онд 193 мэргэжлээр 60.7 мянган суралцагч төгссөний 59 хувь нь ажлын байртай болсон.

Энэ мэтчилэн өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажил нэлээдгүй бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэлээс үүдэн хөтөлбөр амжилттай хэрэгжиж чадахгүй байна. Аж ахуйн нэгжүүд шинэ ажлын байр бий болгох бус одоо байгаагаа хадгалан үлдэхэд анхаарах болсон. Тиймээс бид бүхэн илүү хичээнгүйлэн ажиллах болно” хэмээв.

Өдөрлөгийн үеэр дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсүүд, Хувийн хөдөлмөрийн биржүүд хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд ирүүлсэн 535 ажлын байранд захиалга авч байна. Мөн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний өв соёлоо шингээр бүтээсэн гар урлал, бэлэг дурсгалын зүйлсийг танилцуулж байна. АСЕМ-ын Дээд түвшний болон дагалдах уулзалтуудын үеэр эдгээр бараа бүтээгдэхүүнээс сонгон зочидын байрлах буудалд борлуулах ажлын зохион байгуулахаар төлөвлөж байгааг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захирал С.Чойноров онцлов.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ