Идшээ авахдаа шуудан хүргэлт ашиглахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-29 22:15:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мах, идшээ орон нутгаас авахдаа "Монгол шуудан"-гаар үйлчлүүлэхийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан сэтгүүлчийн асуултад хариулах үеэрээ зөвлөв. 


Засгийн газрын хуралдааны өнөөдрийн шийдвэрээр нийслэл болон Сэлэнгэ, Архангай аймагт хатуу хөл хориог 10 хоног сунгах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой хот руу орон нутгаас мах, идшээ авахаар иргэд хүсэлт гаргаж буйг сэтгүүлч лавласан. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ, "Идэш тэжээл бэлтгэх асуудлыг иргэд тавьж байна. Бэлэн байдал зарласан энэ үед хөл хөдөлгөөнийг хориглох зорилготой. Тодорхой хэмжээний шийдэл хийж байгаа. Тухайлбал, баруун аймгаас Улаанбаатар хот руу идэш зохион байгуулалттай хүргэж өгөх, тухайн машинаар эргүүлээд орон нутагт хүнс, тэжээл татах ажил зохион байгуулж байна. Мөн "Монгол шуудан" компанитай хамтарч орон нутгаас Улаанбаатар хот руу хүргэлтийн үйлчилгээг 5 хоногийн өмнө эхлүүлсэн. Одоогоор 546 орчим захиалга ирж хүргэлтдээ явж байна. Энэ үйлчилгээг ашиглахыг иргэддээ уриалж байна. Үүнээс гадна хот руу чиглэсэн мах болон хүнсний тээврийг хориглоогүй тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж хүнсний тээврийн машинд идшээ нэгтгээд ачиж явуулах боломжтой" хэмээв. 

Холбоотой мэдээ