Ш.Оргил:Сэлэнгэ аймгийн хувьд эрсдэл маш өндөр хэвээр байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-28 22:42:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт короновирусний халдварын тохиолдол 27-ны байдлаар 10-аар нэмэгдэж 167 бүртгэгдлээ.

Эдгээр тохиолдлын анхны шинж тэмдэг илэрсэн иргэдтэй аймгийн Онцгой комисс байнгын харилцаа холбоотой ажиллаж байгаа. Мөн тэдгээр иргэдийн зүгээс аймгийн Онцгой комисст талархал илэрхийлжээ. Тодруулбал “энэ аюулыг хүндрэхээс нь өмнө урьдчилан илрүүлж, эмчилгээнд хамруулж өгсөнд баяртай байна. Бидний биеийн байдал, эмчилгээ үйлчилгээ, байр, хоол гээд төрөөс зохион байгуулж байгаа үйлчилгээнд сэтгэл хангалуун байна” гэжээ.

Мөн цахим орчинд Онцгой комиссын ажлыг дэмжиж, чин сэтгэлийн сайхан сэтгэгдлүүдийг оруулж байгаа иргэддээ аймаг, сумдынхаа онцгой комиссын бие бүрэлдэхүүн, гадаа, машиндаа, хүйтэн вагончикт гээд янз бүрийн орчин нөхцөлд та бидний эрүүл энхийн төлөө 24 цагаар ажиллаж байгаа харуул хамгаалалтын алба хаагчдынхаа өмнөөс баярлалаа гэж аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил хэллээ.

Мөн тэрээр нэгэнт тархсан энэ аюулт вирусийг аль болох хурдан илрүүлж, магадгүй халдвар авсан байж болзошгүй иргэдээ дараагийн эмчилгээнд хамруулах бодлогыг барьж ажиллаж байна. Өнөөдөр ч гэсэн Мандал, Алтанбулаг суманд иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Иймээс  эдгээр сумдын иргэд шинжилгээндээ хамрагдахыг аймгийн Онцгой комиссын зүгээс анхааруулъя. Бусад сумын тухайд манай мэргэжлийн баг бүрэлдэхүүн түүврийн аргаар шинжилгээ авах ажлаа үргэлжлүүлэн зохион байгуулсаар байгаа. Аймгийн онцгой комиссын даргын хувьд иргэддээ хандаж өчигдөр хэлсэн зүйлээ өнөөдөр ч гэсэн дахин давтан хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Бидэнд 5 минут ч тайвшрах эрх байхгүй. Бид өвчлөл бүртгэгдээгүй тайван бүс нутгийн иргэд биш гэдгээ байнга бодож байх цаг үе ирээд байна. Манай аймгийн хувьд эрсдэл маш өндөр хэвээр байгааг иргэд та бүхэн ойлгож байгаа гэв. 

Холбоотой мэдээ