Монгол Улс халдварын эрсдэлээс 70-80 хувь хамгаалж байгааг тооцоолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-26 12:40:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллээр, нийслэл хот болон бүх аймагт халдварыг илрүүлэх түргэвчилсэн болон полимеразийн гинжин урвалын шинжилгээг хийж байна. Энд өнгөрсөн 24 цагийн дотор 116.229 хүн хамрагдсанаас 82424 хүний шинжилгээ сөрөг гараад байна. Бусад шинжилгээг үргэлжлүүлэн хийж байгаа талаар ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв. Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 


-БНХАУ-ын ГХЯ-наас манайд эмнэлгийн тоног төхөөрөмжөөр туслаж дэмжихээ саяхан илэрхийлсэн. Энэ нь ямар тоног төхөөрөмж байгаа юм. Хэзээ орж ирж, бодит дэмжлэг болох вэ? 

Д.Нарангэрэл: -БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнгөрсөн 9 дүгээр сард манай улсад айлчилсан. Энэ айлчлалын хүрээнд халдварын эсрэг тэмцэхэд туслаж дэмжихээр ярьж тохиролцон, манай улсад дотоодод халдвар гарсантай холбогдуулан тусламж дэмжлэгээ эрчимжүүлж хугацааг наашлуулах санал тавьж, бид авах, шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн тооцоо судалгаа жагсаалтыг шинэчлэн гаргаж БНХАУ-ын ЭСЯ-нд хүргүүлсэн. Энэ үүднээс БНХАУ-ын Засгийн газар үзүүлэх тусламжаа 1 дахин нэмэгдүүлэхээр шийдсэнээ бидэнд мэдэгдсэн. Энд PCR шинжилгээ хийх 4 тоног төхөөрөмж 2 оношлуур лаборатори хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн, ЭМЯ хүлээн авахаар бэлтгэж байна. Ингэснээр лабораторийн оношилгоо шинжилгээний хүчин чадал нэмэгдэх юм.


-ЭМЯ хөл хориог сунгах саналыг УОК-т гаргасан уу? Одоогийн нөхцөл байдлыг хумьж, шийдвэрлэхэд хэдий хугацаа шаардлагатай байгаа гэж тооцоолж байна вэ? Нийслэлд өнөөдрийн байдлаар тохиолдлын хэдэн голомт байна вэ?

А.Амбасэлмаа: -Улаанбаатарт эхний гарсан өвчлөлтэй одоогийн тохиолдлууд холбоотой. Тодруулбал, нийслэлд 9 байршилд 52 хүн өртсөн. Нэг гэр бүлийн 4-5 хүн зэрэг өвдөж байгаа зэргээс улбаалан ойрын хавьтлыг мөрдөн тандахад цаг хугацаа орж байна. Одоогоор 961 ойрын хавьтлыг илрүүлээд байна. Эхний шатны шинжилгээнд 556 хүн, 3 дахь шинжилгээнд 160 хүн ороод байна. Зарим хүнийг 4 удаа ч шинжилж байна. Ийм 28 хүн байгаа. Тиймээс халдварын эхний нууц үеийн хугацаа дууссан ч түүнээс хойш өвчлөл гараад буй учир хариу арга хэмжээний хугацаа хойшлогдоод байна. 


Нийслэл хот дахь халдварын голомт хороо, дүүргээр:




Илрүүлье гэхэд хавьтлын хүмүүс үнэнээ хэлэхгүй байх тохиолдол гаргаж байна. Иймээс шаардагдаж эхний нууц үеийн илрүүлэх 14, түүний дараа хяналтын 14 хоног гээд дор хаяж 28 хоног болно, цааш үргэлжилнэ. Ер нь бол 1-2 сардаа үргэлжилдэг. Тиймээс хянаж хязгаарлаж ажиллах нь чухал юм. Олон улс дахь жишиг ч ийм байна. Дэглэмийг сахиснаар тархах эрсдэлийг 55 хувиар бууруулж байна гэсэн үг. Монгол Улс 70-80 хувиар хамгаалж байна гэж тооцоолж байгаа. Өвчлөл 3-4 дахин тархах эрсдэлээс сэргийлж байгаа. 


-Халдварын тохиолдлын тоо эргэлзээтэй, зөрөөд байна. Тоог нэгтгээд үзэхээр 59 хүн дутаад байна. Энэ ямар хүмүүс  байна вэ? 

-Өнөөдрийн 712 батлагдсан тохиолдол гэхэд л, голомтод байгаа 275 хүн болон зөөвөрлөгдсөн гэж ангилж тооцож байгаа. Зөөвөрлөгдсөнөөс гадна Монгол Улсад эхний голомтын болон төмөр замын гэх мэтээр өвчлөлийн 4 кластер байгаа. Энд ХӨСҮТ-өөс 10 эмч, ажилтан өвчилсөн нь орж байгаа. 11 дүгээр сарын 16-наас хойш тохиолдол нэмэгдээгүй, хумьж авсан, эхнээсээ эдгээд хяналтын14 хоногтоо байгаа. 4 дахь кластер нь "Энхсаран" сувилалд гарч бүртгэгдсэн 59 тохиолдол байсан. Мөн ОХУ-ын 7 иргэн өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан. Ингээд тоо таарч байгаа.


-Сэлэнгэ аймгийн эмнэлэгт байдал ямар байна вэ? Эмч, ажилтнууд халдвар авсан уу? Унгар улсад тэмцээнд яваад ирсэн тамирчдаас мөн илэрсэн үү?

-Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг Улаанбаатарт авчран эмчилж байгаа. Тиймээс тэнд байгаа эмч, ажилтнууд батлагдсан тохиолдол дээр ажиллаагүй. Аймгийн нэгдсэн эмнэлэг хэвийн ажиллаж байгаа. Эмнэлгийн ажилтнуудаас өвдөөгүй. Унгар явсан тамирчдын тухай тийм мэдээллийг ЭМЯ болон ХӨСҮТ-өөс гаргаагүй. 


Холбоотой мэдээ