“COVID-19” халдварын 32 тохиолдол нэмэгдэж 672 болов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-11-24 11:03:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 22-ны 10 цагаас хойш 4335 хүнд хийсэн шинжилгээгээр 32 хүнд коронавирус илэрчээ.

Тодруулбал, Улаанбаатарт гурав, Сэлэнгэ аймагт 26, Говьсүмбэр аймагт хоёр, гаднаас зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгдэж, дотоодын халдвар 236 боллоо.

 

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, Улаанбаатар хотод бүртгэгдсэн 3 тохиолдлын нэг нь анхны батлагдсан хоёр тохиолдолтой хамт Буянт-Ухаа хороололд хүүхдийн төрсөн өдөрт оролцсон байна. Үүнд оролцсон 46 хүнийг тусгаарласнаас нэг хүнд хийсэн хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрсэн. Хоёр дахь тохиолдол нь Төмөр замын өрхийн эрүүл мэндийн сувилагчаас илэрсэн. Гурав дахь нь өмнөх балтлагдсан тохиолдолтой хавьтал болсон Буянт-Ухаа хорооллын хүн байна.

Сэлэнгэ аймагт илэрсэн тохиолдлууд бүгд ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсээс илэрсэн. Говьсүмбэр аймагт илэрсэн тохиолдол нь тусгаарлагдсан хавьтлуудаас илэрсэн" гэдгийг тодотгов.

Мөн зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдол илэрчээ. ОХУ-ын Алтанбулаг боомтоор 11 дүгээр сарын  10-нд орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ халдвартай гарчээ. 


Ингэснээр, өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын тохиолдол 672 болж байна. Үүнээс 342 хүн эдгэрээд буй юм.

ХӨСҮТ болон Цэргийн  төв эмнэлэгт нийт 323 хүн эмчлүүлж байна. Үүнээс хоёр нь хүнд, 44 нь хүндэвтэр, 277 нь хөнгөн байгаа аж.

2020 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 11.00 цагийн байдлаар дотоодын халдвар Улаанбаатар хотод 54, Дархан-Уул аймагт 20, Дорноговь аймагт 17, Орхон 17, Говьсүмбэр 4, Сэлэнгэ аймагт  124 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 235 болж байна.


Холбоотой мэдээ