Коронавирусний эмчилгээнд уламжлалт анагаах ухааны аргыг ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-24 12:18:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нараас коронавирусний эмчилгээ, тархаж буй нөхцөл байдлын үнэлгээний талаар сэтгүүлчид тодрууллаа. 


-Хятадад коронавирусний эсрэг эмчилгээнд ардын уламжлалт анагаах ухааныг хэрэглэсэн нь үрд дүнгээ өгсөн. Манай улсад  монгол уламжлалт анагаах ухааныг коронавирусний эмчилгээнд хэрхэн ашиглаж байна вэ?


-Ухань хотод анх коронавирусний халдвар тархах үед ЭМЯ-ны зөвлөх баг цахимаар холбогдож тэнд хэрэглэж байгаа арга зүйтэй танилцсан. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх чиглэлээр олон зөвлөмж өгч байсан. Уламжлалт анагаах ухааны арга бол биеийн эсэргүүцэл, дархлаа сайжруулахад үр дүнтэй. Тиймээс аарц, чацаргана, барагшун, хунчир хэрэглэх, цэгэн иллэг хийх зэргээр уламжлалт аргыг байнга эмч нартаа зааж байгаа. 


-Халдвар тархвал хэдэн хүн өвдөх магадлалтай гэсэн математик судалгаа байна вэ. Халдвар тархах магадлал, эрсдэлийн талаар мэдээлэл өгч болох уу?


-Ухань хотод коронавирус гарч байх үеэс л бид прогноз судалгаа гаргаж байсан. Тухайн үед ДЭМБ-аас 1.2 хувийн дайралтын түвшин байна гэж дүгнэсэн. Сүүлийн 11 хоногт дахин дайралтын түвшинг дүгнэхэд, аймаг, сумдад өөр өөр гарсан. Ерөнхийдөө дайралтын түвшин Монгол Улсад 2.5-6 хувийн түвшинтэй байна. ЭМЯ-ны тархвар зүйн зөвлөл, их сургуулийн математикийн багш нартай хамтран прогноз судалгааг өдөр бүр хийж орон нутгийн эмчилгээ, үйлчилгээг зохицуулахаар ажиллаж байна. 


-Манай улсын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бусад орнуудынхтай харьцуулахад ямар үнэлгээ гарч байна вэ?


Коронавирус дэгдсэнээс хойш Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дэлхийн улс орнуудынхтай харьцуулсан хувь, тоо гарсан. Олон улсын туршлагаар маск зүүх, хувийн ариун цэвэр сахих, хөл хорио тогтоох нь тархалтыг 55 хувь багасгадаг гэж үздэг. Монгол Улс эрт арга хэмжээ авсан тул тархалтыг багасгасан түвшин 70-80 хувь байгаа юм. Хэрэв далайцтай, оновчтой арга хэмжээ авбал тархалтыг одоогийнхоос давуулахгүй барих боломжтой гэж үзсэн. 

Ойрын хавьтлын 991 хүнийг тусгаарласнаас Улаанбаатарт 50 гаруй  хүний шинжилгээнд вирус илрээд байна. Бид дам хавьтлын 7000 хүнийг хөл хорьсон. Үгүй бол батлагдсан тохиолдлуудтай хавьтал болж өвчин илүү тархах байсан. Коронавирус нь 1.5-2 метрээс дотогш уулзсан хүнд халдварлах магадлал маш өндөр. Манай улсад ойролцоогоор нууц үе нь 5.2 хоног байна. Хоёр сарын хугацаанд халдварыг бүрэн хумих боломжтой гэж үзэж байгаа. Эхнээсээ жолооч Д-гийн халдвар илрээгүй хавьтлуудыг ажиглах 14 хоногийн хугацаа дуусаж байна. 


-Төмөр замын тэмцээнд оролцсон хүмүүсийн дунд ОХУ-аас ирсэн иргэн байсан гэх мэдээлэл байна. Тэнд халдвар хамгааллын дэглэм алдагдсан байж болох уу. Үүнийг нарийн шалгаж тогтоосон уу?


-ОХУ-аас төмөр замынхны тэмцээнд оролцсон хүн бий. Тухайн үедээ шинжилгээ хийсэн тул тэндээс халдвар илэрсэн гэж хэлэхгүй. 


-Коронавирус нь голчлон ямар хэлбэрээр дамжиж байна вэ?


-Хамгийн гол халдвар дамжиж байгаа хэлбэр нь агаар дуслын зам гэж олон улсын судалгаануудад дурдагдаж байна. Мөн ахуйн замаас гадна хүнээс гарч буй бүх шингэнээс дамжиж байгаа гэсэн судалгаа ч дэлхий нийтэд гарч байна. 

Битүү, агаар муутай газар коронавирус үрждэг. Тиймээс агаарын солилцоо байнга хийхийг сануулж байна. БНСУ-д гадаадаас ирсэн хөлдөөсөн мах, загасны хайрцагнаас коронавирус илэрсэн. Ерөнхийдөө дотоод орчин, гадаргуу ширээ сандал, бохирдсон орчинд коронавирус байдаг. 


-Хөдөлгөөнд оролцож байгаа 13 салбарын ажилчдыг шинжилгээнд хамруулах боломж бий юу?


-Нийслэлд 28 түргэвчилсэн оношлуурын цэг бий. Мөн 68 өрхийн эрүүл мэндийн төвд очиж шинжилгээ өгөх боломжтой. ХӨСҮТ болон ЗӨСҮТ-ийн лаборатори хоногт нийт 5000 гаруй хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай.Мөн Замын-Үүдийн лабораторид PCR шинжилгээ хийх боломжтой болсон. Сэлэнгэ аймгийн лабораторийн хүчин чадлыг 2 дахин нэмсэн. 


-Өнөөдөр халдвар илэрсэн сувилагч нийтэд үйлчилсэн тохиолдол байгаа юу?


-Өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлүүлсэн хүмүүс халдварт өртөх эрсдэлтэй. Тиймээс сүүлийн  хоногт үйлчлүүлсэн хүмүүсийг журналын бүртгэлд үндэслэн шинжилгээ авах ажил эхэлсэн. Тэнд үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх шаардлагатай. Тандалтаар ойрын хавьтлын 278 иргэнийг илрүүлж байгаа. Тандах ажил цаашид ч үргэлжилнэ. 


-ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа цөөн хүний биеийн байдал хүнд байна. Тэдгээр хүмүүст амьсгалын аппарат шаардлагатай юу. Эрсдэл гарлаа гэж тооцоход амьсгалын аппаратын хүрэлцээ ямар байгаа вэ?


-Эрүүл мэндийн салбарт 428 амьсгалын аппарат бий. Засгийн газрын хөрөнгөөр 72, АХБ-ны санхүүжилтээр 50 ширхэгийг авсан. Цаашид хангамжаа нэмэхээр ажиллаж байгаа. Одоогоор амьсгалын аппаратад орсон хүн байхгүй. 

Холбоотой мэдээ