Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-23 15:02:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж гаргасан шийдвэрээ яг одоо танилцуулж байна. Төв банкны Бодлогын хорооны шийдвэрээр бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэж байна. 


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, манай улсад гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын зэргийн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 11 дүгээр сарын 23-нд Мөнгөний бодлогын хороо хуралдлаа. Өнөөдрийн хурлаар:

  • Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувь хүргэх, 
  • банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох,
  • Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг  2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, 
  • ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэр гаргасан талаар мэдэгдлээ.

Энэ багц шийдвэр "COVID-19"-ийн цар тахлын үед эдийн засаг, банк санхүүгийн салбарт үүсч буй сөрөг үр нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчдэд, санхүүгийн байгууллагад учирч буй санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэжээ.


Түүнчлэн дунд хугацаанд инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Жилийн инфляц 2020 оны аравдугаар сард улсын хэмжээнд 2.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2.6 хувьд хүрлээ.


Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан бага түвшинд хадгалагдаж, зорилтот түвшнээс давахааргүй байна. Эдийн засаг "COVID-19"-ийн цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9.7  хувиар агшсан бол III улиралд -3.1 хувь болон саармагжиж, төлбөрийн тэнцлийн төсөөлөл сайжрав.

Цар тахлын дотоод тархалтыг хумихаар 11 дүгээр сард тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, дунд хугацаанд эерэг нөлөөтэй боловч богино хугацаанд эдийн засгийн ажиллагааг хумисаар сэргэлт удаашрах төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгйн идэвхжил 2020 оны сүүлийн хагаст сэргэж буйг бодит эдийн засаг, санхүүгийн зах зээл түүхий эдийн зах зээлийн  үзүүлэлтүүд үзүүлж байна.



Холбоотой мэдээ