Эрчим хүчний салбарынхан тусгай горимоор хэвийн ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын инженер техникийн ажилчид ажлын тусгай горим буюу ээлжийн уртасгасан цагийн хуваариар ажиллаж байна.
Ингэснээр ээлжийн
давтамжийн тоо буурч, халдвар тархах эрсдэл багасах давуу талтайг Гамшгаас
хамгаалах Түлш, эрчим хүчний Улсын албаны ээлжит хурлын үеэр онцлов.
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай энэ үеэр “Эрчим хүчний салбар тогтвортой, хэвийн үйл ажиллагаа явуулах нь чухал. Айл өрхөөс гадна хүнсний болон бусад аж, ахуйн нэгж цахилгаан, дулаантай байж л үйлдвэрлэл явуулна. Энэ хариуцлагатай үед манай салбарын хамт олон цаг алдалгүй зөв төлөвлөлт, зохион байгуулалтаар ажиллаж байгаа. Эрчээ сулруулж болохгүй. Халдвар батлагдсан аймгуудад асуумжийг тогтмол шинэчлэн явуулж, байнгын холбоотой ажиллах хэрэгтэй. Байгууллага бүр хяналтаа чангатган хоёр цаг тутам ариутгал, халдваргүйжүүлэлт хий. Үндсэн үйл ажиллагаагаа доголдуулахгүйгээр санхүүгийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй” гэлээ.
Одоогоор коронавируст
халдварт (КОВИД-19) цар тахлыг дотроо алдсан Улаанбаатар хот, Орхон,
Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймагт үйл ажиллагаа
явуулдаг эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын нөхцөл байдлыг сонсож, хэрэгжүүлэх
арга хэмжээний талаар үүрэг даалгавар өглөө.