Дундговь аймаг 17 хоногийн мах, 24 хоногийн гурилын нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-21 11:04:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос мэдээлснээр өнөөдөр Дундговь аймаг 17 хоногийн мах, 24 хоногийн гурилын нөөцтэй байна.

Онцгой комиссоос хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, үнэ ханшийн байдалд өдөр бүр хяналт тавьж судалгаа хийж байгаагаа мэдээлсэн.   

Өнөөдрийн байдлаар тус аймагт 78 тн мах, 91 тн гурил, төрөл бүрийн будаа 29 тн, төмс 50 тн, хүнсний ногоо 10 тн, ургамлын тос 6,8 тн, элсэн чихэр 11 тн, давс 7,8 тн, хуурай сүү 3 тн байгаа нь махны нөөц 17, гурилын нөөц 24, төрөл бүрийн будааны нөөц 15, төмсний нөөц 11, ургамлын тосны нөөц найм хоногтой байгаа ажээ. Харин гурилан бүтээгдэхүүн, өндөг зэрэг түргэн муудах бүтээгдэхүүн нэг хоногийн нөөцтэй байна.

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшид өөрчлөлт ороогүйг мөн Онцгой комиссоос  мэдээлсэн. Хонины мах нэг кг нь 5500-6000, ямааны мах 5000-5500, үхрийн мах 7500, адууны мах 7000 төгрөгөөр тус тус худалдаж байгаа ба өндөржүүлсэн бэлэн байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед “Хүнсний бараа, махны ачаа тээврийг зохицуулах” түр журам гарган мөрдөж байгаа тул хүнсний хомсдол үүсэхгүй, тайван байх хэрэгтэй гэдгийг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ байнга сануулж байгаа юм. 

Холбоотой мэдээ