Ч.Хүрэлбаатар: Дэлхийн банкны 50.6 сая ам.доллароор вакцин авах хүсэлтээ өгсөн

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-11-18 18:54:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Монгол Улсын Засгийн газрын авсан гадаад зээл, тусламжийн талаар тайлагнахаа мэдэгдсэн юм. Энэ дагуу тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Засгийн газар нийт 299 сая ам.долларын гэрээ байгуулж, 199 сая ам.долларын зээл авснаас бүгдийг нь "COVID-19-ийн цар тахлыг нөлөөг бууруулах зорилгоор төсвийн дэмжлэг хэлбэрээр, мөн эрүүл мэндийн салбарт техник, тоног төхөөрөмж авахад зарцуулж буйг мэдэгдэв. Нийт зээлийн гэрээг хөгжлийн дөрвөн түнш байгууллага, улстай байгуулсны 66.6 хувийг нь аваад байна. Үлдсэн 100 сая ам.долларын санхүүжилт энэ оны IV улиралд орж ирэхээр хүлээгдэж байна гэв.


Тэрээр АХБ-наас хамгийн их буюу нийт 160 сая ам.долларын зээл авахаас одоогоор 128 сая ам.долларыг аваад байна. Энэ бол хөнгөлттэй зээл. 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр авсан. Энэ мөнгийг хүүхдийн мөнгө олгоход зарцуулсан. Дараагийн 30 сая ам.доллароор тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, 21 аймагт түргэн тусламжийн машин авна. Гэрээний шатанд байгаа тул бодит гүйцэтгэл хийгээгүй байна гэлээ. 

     

Цаашлаад тэрээр, 50.6 сая ам.долларын Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улс вакцин авах хүсэлтээ олон улсад өгсөн байгаа. Вакцины зах зээл өнөөдөр хэн мөнгөө төлнө тэр нь түрүүлж авах ийм нөхцөл байдалтай байгаа. Нэг ёсондоо эхний ээлжинд дэлхийн том, нөлөө бүхий улс орнуудын захиалгаар, эхлээд үйлдвэрлэж буй бүх вакциныг авах магадлалтай байгаа.

Тиймээс ДЭМБ-аас энэ оны 4 дүгээр сард зарласан "Ковакс" хөтөлбөрт манай улс хамрагдсан. Энэ нь хөгжиж буй, буурай, нөлөө багатай улс орнуудад олгож, ард иргэдийг вакцинаар хангах зорилготой хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийг 4 байгууллага санаачилсны нэг Дэлхийн банкнаас буюу санаачлагчаас нь бид санхүүжилт аваад хийвэл Монгол Улсад илүү, хурдан вакцин нийлүүлэгдэж орж ирэх болов уу гэсэн агуулгаар явж байгааг мэдээллээ. 


Мэдээллийн үеэр, "COVID-19"-тэй холбоотой зээл, тусламжийн ихэнх нь 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Үр дүн хэр байна, яаж гарч байна вэ. Зарцуулалтыг хэрхэн яаж хянаж байна вэ?" гэсэн сэтгүүлчдийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа:

-Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд тухайн оронд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрөө маш хатуу хянадаг. Нэг удаагийн гүйлгээг хийхэд л олон дамжлагын зөвшөөрлийг авах хэрэгтэй болдог. Олон улсын санхүүгийн байгууллагуудын төсөл, хөтөлбөр удаж байна гэж хүмүүс шүүмжилдэг нь нөгөө хүмүүс нь А, Б-гүй бүгдийг нягталж буйтай холбоотой юм. 

Тиймээс манайх дотооддоо өөрсдөө хянадаг, ийм давхар хяналттай байдаг юм. Төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн гэвэл энэ бүхэн бодитой хэрэгжиж буй зээл, тусламж. Тиймээс үр дүн гарч байгаа гэв. 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал



Холбоотой мэдээ