Нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрснөөр айдас түгшүүрээс ангижирна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-11-14 18:43:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн дэргэдэх 1800-2000 дугаарт өдөрт 2 мянга дуудлага ирж байгаа талаар тус төвөөс мэдээллээ. 

Энэ байдлыг "COVID-19"-ийн халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойш иргэдийн дунд айж түгших шинж тэмдэг нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Учир нь дуудлагын 90 гаруй хувь нь халдварын шинж тэмдэг илрээд байна, халдвар авсан хүний маршрутаар явсан, үүнээсээ айж байна гэсэн дуудлага эзэлж байгаа аж. Энэ талаар сэтгэлзүйч эмч мэргэжилтнээс зөвлөгөө авах байдал эрс өссөнийг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс мэдээлж байна. 


"COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдалд иргэдийг хуурамч мэдээлэлд автахгүй, сэтгэлзүйгээ тайван байлгахыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. 


Ийм үед иргэд сэтгэл санаагаа тайван байлгах, тэр дундаа хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж харилцаж байхыг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор зөвлөж байна.


Энэ талаар мэргэжлийн байгууллагаас гаргаж буй албан ёсны мэдээлэл, зөвлөгөөг дагах нь шалтгаангүйгээр айж түгших, сэтгэл санаа тавгүй болох, сөрөг мэдрэмж давтагдахаас урьдчилсан сэргийлэх боломжтойг тэрээр хэлж байна. Энэ талаар цахимаар тодруулав. 


-Өнөөдрийн нөхцөл байдалд хүмүүс юунаас болж их бухимдаж байна вэ?

-Хорио цээр, хязгаарлалтад орсноор хүмүүс ойрын болон холын төлөвлөсөн ажил нь бүтэхгүй болох нь гэж бухимдах нь их байна. Ингэхдээ бухимдлаа ойрын хүмүүс, гэр орон, ажил төрөл дээрээ гаргах байдлаар илэрхийлэх их. Ингэснээр бусад хүний тавьсан шаардлагыг эсэргүүцэх байдлаар хүлээн авах зэргээр дотоод бухимдлаа гаргаад байгаа юм. 


-Үүнээс яаж урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ?

-Хамгийн гол нь тайван, хүлээцтэй байх явдал чухал. Эхний ээлжинд нэгэнтээ болж буй үйл явдал, нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр тэртээ тэргүй ийм байдалд бүгд очсон юм чинь би бусад хүний адил дагаж мөрдөх ёстой юм байна гэдгээ эхлээд ойлгосноор тэр хүн тайван болно. Улмаар ойр байгаа гэр бүлийнхнийгээ хайрлах ёстой юм байна гэсэн дараагийн байдалд шилжиж, мөн тайван, эерэг бодлууд орж ирэх юм. Тиймээс яах ёстой гэхээр эхлээд:

  • нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх,
  • мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй зөвлөгөөг дагаж мөрдөх,
  • өөрдсийнхөө сэтгэлзүйг тайвшруулж тогтоон барих явдал юм. 

Ингэснээр хүмүүс өөрсдөө сэтгэлзүйн хувьд тайван амгалан, аюулгүй болсноор хүүхдүүддээ анхаарч тэдний сэтгэлзүйг дэмжин, хүүхдүүд болон гэр орныхныгоо хамгаалах дараагийн сэтгэлзүй эхэлнэ гэж мэргэжлийн эмч, мэргэжилтэн зөвлөж байна. 

Иргэдийг айдаст автуулж буй гол хүчин зүйл нь хуурамч мэдээлэл болж буйг мэргэжилтнүүд мөн хэлж байна. Тиймээс худал ташаа, хэн нэгнийг болон өөрсдийгөө дөвийлгөсөн мэдээ, мэдээлэлд автахгүйгээр, албаны, төрийн болон мэргэжлийн байгууллагуудаас өгч буй мэдээллийг дагаж итгэхийг анхааруулж байна. 


Холбоотой мэдээ