Хилийн зурвас нутагт 89 өрхийн 33.8 мянган толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-11-13 17:52:39

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн мэргэжлийн байгууллагууд хамтран 2019-2020 оны өвөлжилт хаваржилтын байдалд үнэлгээ хийж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-“Завхан аймгийн 2020-2021 оны өвөлжилт хаваржилт өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Өнгөрсөн өвөл, хавар аймгийн хойд бүсийн Тэс, Баянтэс,  зүүн талдаа Тосонцэнгэл, Их-Уул, Баянхайрхан, Асгат зэрэг цагаан зудын байдалтай байсан. Том малын зүй бус хорогдол өндөр аймгийн тоонд багтаж 92,5 мянган мал хорогдсон нь оны эхний нийт малын 2,4 хувийг эзэлж байсан. Хээлтүүлэгч 470 толгой хорогдсон нь 2020 оны нийлүүлгийн улиралд тохироогоор дутагдах хээлтүүлэгчийн тоог өсгөж байна” гэв. Завхан аймаг нь өнгөрсөн 2019 онд малын тоо таван төрөл дээр өсөж, жилийн эцсээр 8.9 мянган малчин өрхөд 3.8 сая толгой мал тоолуулсан бөгөөд 2020 онд 1.2 сая төл хүлээн авсан. 2020-2021 оны өвөл, хавар хонин толгойд шилжүүлснээр 6.4 сая мал өвөлжиж, хаваржих тооцоо байна.

 

Шилмэл үүлдрийн эцэг малаар сэлгэлт хийж байна

Завхан аймагт малын үзлэг ангилалт, хээлтүүлэгч малын худалдан солилцох арга хэмжээг зохион явуулсан байгаа.

Тухайлбал баталгаажсан үүлдэр, омгийн мал бүхий зургаан сумын 114 өрхийн 22.4 мянган малыг үзлэг ангилалтад хамруулсан. Сартуул үүлдрийн 230 хуцан хурга, Завхан буурал үүлдрийн 322 ишгэн ухна шинээр нөхөн тавьсан. Дөрвөлжин сумаас Завхан буурал үүлдрийн ухна ишиг авч, Хөвсгөл аймгийн Цагаан уул суманд 80 толгойг худалдсан. Харин өөрийн аймгийн Яруу суманд 52 толгой, Идэр суманд 50 толгойг захиалгаар худалдаалах ажлыг хийлээ. Мөн малын удмын сангийн харъяа цөм сүргийн салбараас Сартуул үүлдрийн хуц 100 толгой, Яруу сумын “Жаргалант мал” мал үржлийн хоршооноос 25 хуцыг Тэлмэн сумруу хүргүүлж сэлгэлт хийсэн. Өнгөрсөн 9 дүгээр сард зохион байгуулагдсан “Таван эрдэнэ” фестивалын үеэр НҮБ-ын ХХАА-н байгууллагаас Их-Уул, Отгон, Тэс, Баянхайрхан, Шилүүстэй сумдын зорилтот бүлгүүдэд Сартуул, Баяд үүлдрийн хуц 32, Завхан буурал үүлдрийн ухна 32 нийт 64 эцэг малыг худалдан авч олгосноор үржлийн ажил эрхэлдэг аж ахуйн нэгжүүд 16.0 сая төгрөгийн  борлуулалт хийсэн байна. Ер нь шилмэл үүлдрийн эцэг малаар сэлгэлт хийх нь малын угсаа сайжрах, чанар үүлдэр, мах сүүний гарцад эерэг нөлөө үзүүлдэг гэв.  

Бэлчээр хамгааллын олон талын ажлыг хийж байгаа

Тус аймаг малын тооны өсөлт, үлийн цагаан оготнын тархалтаас үүдэлтэй бэлчээрийн даац хэтэрсэн.

Аймгийн нийт бэлчээрийн  46 хувь нь нөөцтэй, 25 хувь нь хүрэлцээтэй, 25 хувь нь даац нэгээс гурав дахин хэтэрсэн байна. Харин нэг хувь нь гурваас тав дахин хэтэрсэн, гурван хувь нь олон дахин хэтэрсэн байдалтай байна. Аймгийн ус цаг уур орчны шинжилгээний газрын гаргасан сансарын зураглалаар бэлчээрийн ургамлын ургалт наймдугаар сарын 25-ны байдлаар нийт нутгийн 75 хувь орчимд  зуншлага хэвийн буюу сайн. Бэлчээрийн 25 орчим хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй гарсан байна. Гэхдээ мал ногоолж, тарга хүч авах хэмжээнд л бэлчээрийн ургамлын ургацтай  байгаа юм.


Аймгийн Засаг даргын А/158 дугаар захирамж гарч тавдугаар сард 21 суманд улсын төсөв, Засаг даргын нөөц сан, төсөл хөтөлбөрийн 161,3 сая төгрөгийн хөрөнгөөр 100,8 мянган га бэлчээрт үлийн цагаан оготонотой тэмцэх хаврын  нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан.  Харин намрын арга хэмжээг өнгөрсөн 10 дугаар сард 11 сум 41 багт зохион байгуулж, 45.2 мянган  га  бэлчээрийн талбайд устгал хийгдсэн  байна. Энэ жил улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгөөр Ургамал, Завханмандал, Сантмаргац, Түдэвтэй сумдад инженерийн хийцтэй дөрвөн худаг, төсөл хөтөлбөрөөр хоёр, худгийг шинээр гаргаж ашиглалтад өгсөн. Аймгийн хэмжээнд усан хангамжийн хүрэлцээ сайн байгаа гэв. Ташрамд судалгаагаар манай орны бэлчээрийн даац 80.0 сая орчим малыг тэжээлээр хангах багтаамжтай гэж үздэг. Харин баруун бүс 15.4 сая, Завхан аймаг 4.7 сая малын багтаамжтай гэж үздэг байна.

 

Өвс тэжээлийн нөөцийг бэлтгэж байна

Тус аймаг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолоор 500 тн өвс, 130 тн тэжээл бэлтгэх, сум бүр 130 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх  даалгавартай.

Үүнээс сумын аюулгүйн нөөцөд 403.7 тн өвс, 66.0 тн тэжээл бэлтгэжээ. Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, сумдын Засаг дарга нар хооронд  байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд зааснаар малчид 16.8 мянган тн хадлан, 266.9 тн гар тэжээлээр аюулгүйн нөөц бүрдүүлэхээр тусгагдсан. Одоогоор 24 сумын малчид, иргэд 7.1 мянган тн байгалийн хадлан,  5.4 мянган тн ногоон тэжээлийг бэлтгээд байгаа. Мөн сүрэл 47 тн, гар тэжээл  244.6 тн, 2273.3 тонн  давс, хужир шүү, 3 тн  ногооны хаягдал  бэлтгэж  биелэлт 66,1 хувьтай  байна. Аймгийн ЗДТГ, ХХААГ-ууд хамтран орон нутгийн нөөц боломжид тулгуурлан гар тэжээл бэлтгэх гарын авлага, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах талаар уриалга гаргаж 24 сумын нийт малчин өрхүүдэд хүргүүллээ.Тусгай хамгаалалттай газар, нутаг, хилийн зурвасаас хадлан бэлтгүүлэх гэрээ хэлцлийг хийж байна гэж тус тус мэдээллээ.

 

Тусгай хамгаалалттай газар нутагт 85.4 мянган толгой мал өвөлжинө

Завхан аймгийн хэмжээнд таван чиглэлд 12 сумын 427 өрхийн 305.5 мянган мал отроор өвөлжих төлөвтэй байна.

Хөрш зэргэлдээ Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймгийн нутагт Их-Уул, сумаас 79 өрхийн 79.9 мянган толгой мал, Тосонцэнгэл сумаас 40 өрхийн 8.6 мянган мал өвөлжинө. Мөн Шилүүстэй, Баянхайрхан сумдын 20 өрхийн 7.0 мянган мал тус тус отроор орж өвөлжихөөр байна. Багахайрханы  аймаг дундын отрын бүс нутгийн орон тооны бус түр зөвлөл хуралдаж тус бүс нутагт Баянхонгор болон Завхан аймгийн 9 сумаас 42.8 мянган дан бог мал оруулах шийдвэрийг гаргасан байна. Харин Отгонтэнгэрийн дархан цаазат газар нутагт Идэр, Алдархаан сумдаас 36 өрхийн 25.3 мянган толгой мал өвөлжинө. Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газар нутагт Идэр, Тосонцэнгэл, Их-Уул сумдаас 84 өрхийн 60.1 мянган мал отроор өвөлжихөөр байна. Хилийн зурвас нутагт буюу Тэс, Баянтэс сумдаас 89 өрхийн 33.8 мянган толгой мал отроор орж өвөлжих төлөвтэй байна. Шилүүстэй сумаас өөрийн аймгийн Дөрвөлжин суманд 10 өрхийн 2.5 мянган мал, Завханмандалд зургаан өрхийн 2.2 мянган мал ороод байна гэж аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ