УИХ-ын чуулган цахимаар хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүд өнөөдөр 17.00 цагаас цахимаар хурал хийж, маргааш хуралдах чуулганы нэгдсэн хуралдааны дэг, үг хэлэх, санал хураалтад оролцох журам, техник, зохион байгуулалтын асуудлаар санал солилцлоо.
Маргааш буюу энэ сарын 13-нд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдуулан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг батлахаар төлөвлөөд буй юм. Хуралдааныг цахим хэлбэрээр хийх бөгөөд өглөө 10.00-12.00 цагийн хооронд техникийн туршилт, тохируулгын ажил хийсний дараа нэгдсэн хуралдаан эхэлнэ.
Мөн өдөр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл цахимаар хуралдсан бөгөөд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа нар цахим болон цахим хуралдааны бэлтгэл ажлын талаар танилцууллаа.
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн гишүүд маргаашийн чуулганы нэгдсэн хуралдааныг ямар дэгээр, хэрхэн зохион байгуулах талаар санал солилцов. Хурлаас:
1. 2020 оны хаврын чуулгантай адилаар хуралдааны 5 танхимд гишүүдийг хуваарилан суулгаж хуралдах;
2. Онлайнаар буюу гишүүд Төрийн ордонд ирэлгүйгээр байгаа газраасаа хуралдаанд оролцох гэсэн хоёр хувилбарын аль нэгийг сонгох нь зүйтэй гэж үзэв.