Т.Мөнхсайхан: Тээврийн жолоочийн нэг, хоёрдугаар хавьтлын тоо 2800 болж нэмэгдсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын даргын ажлын баг өнөөдөр 20.00 цагт шуурхай хуралдаж, 7 асуудал хэлэлцсэн талаар мэдээлсэн. Засгийн газрын мэдээллийн үеэр сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан юм.
Сэтгүүлчдийн асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан, МХЕГ-ын дарга Т.Гантулга нар хариулав.
-Сэлэнгэ
аймгийн иргэнээс яагаад коронавирус илрэх болов. Хархан нүдэн тоглолтыг үзсэн
юм уу. Явсан маршрутыг нь гаргасан уу?
Т.Мөнхсайхан:
Сэлэнгэ аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын зовиур энэ сарын 6-наас эхэлсэн
байгаа. Тэгээд энэ сарын 9-нд эмнэлэгт үзүүлсэн. Ингээд 2 удаагийн
шинжилгээгээр хариу эерэг гарсан. Тэгэхээр хугацааны хувьд, явсан маршрутыг нь
аваад үзэхээр Энхсаран сувилалд үүссэн голомттой холбоогүй байх магадлалтай
байгаа юм. Тээврийн жолоочтой анхдагч, хоёрдогч хавьталд орсон нь одоогоор
тогтоогдоогүй байгаа. Тэгэхээр өөр голомт байх магадлал байна уу гэж үзэж
байгаа.
-Ойрын
хавьталуудыг нь тодорхойлсон уу?
-Тодорхойлж, тусгаарласан.
Сэлэнгэ аймагт шинжилгээ хийж байгаа бөгөөд сорьцыг Улаанбаатар хот руу авч
ирж, баталгаажуулна.
-Дархан,
Сэлэнгийн бүс бол Алтанбулаг боомтын улмаас эрсдэлтэй бүсэд тооцогдсоор ирсэн.
Цаашид ямар арга хэмжээ авах талаар тодорхой шийдвэр гарсан уу?
Т.Мөнхсайхан: Ер
нь УОК-оос шийдвэр гаргаад Алтанбулаг боомтын ачаа тээврийг ирэх даваа гарагаас
зогсоох болсон. Тэр хүртэл Сэлэнгэ аймаг, Алтанбулаг боомтод ямар дэглэм барих
вэ гэдгийг тогтоохоор УОК-ын ажлын баг өнөөдөр хотоос гарсан.
- Сэлэнгэ
аймгийн онцгой комиссоос таны хэлсэнтэй ижил хариулт өгч байсан. Өөр ямар
эрсдэл байж болох вэ?
Т.Мөнхсайхан: Халдвар
юунаас хамааралтай байж болох талаар судалгаа хийж байна. Эхний таамаглал бол
Алтанбулаг боомтоор орж ирж байгаа ачаа тээврийн хөдөлгөөнтэй холбоотой байх
магадлалтай гэж үзэж байгаа.
-МУБИС-ийн
2 оюутанд халдвар илэрсэн байна. Энэ 2 хүний ойрын хавьтлын хүмүүсийг тогтоосон
уу?
Т.Мөнхсайхан: МУБИС-ийн
2 оюутны ойрын 50 хавьтлыг тогтоож, тусгаарлалтад авсан. Шинжилгээ авч эхэлсэн.
-Цаашид
халдварын тоо нэмэгдэх шинжтэй байна. Эмнэлгийн орны болон эм тарианы нөөц хэр
байна вэ?
Т.Мөнхсайхан:
Орны хувьд бид бүхэн 2 төлөвлөлттэй байгаа. Эхний ээлжинд халдварын тархалтаас
хамаарч бусад өвчинтэй иргэн үйлчлүүлэх эмнэлэгтэй холихгүй байх зохицуулалт
хийж байгаа. Энэ хүрээнд ХӨСҮТ-д орны тоог нэмж, 300 ор бэлдсэн. Цэргийн төв госпиталийг
суллаж 550 ор бэлтгэсэн. Яармагт 300 ортой эмнэлэг бий. Сонгинохайрхан дүүрэгт шинээр
барьж байгаа эмнэлэгт 250 ор байгаа. Дараагийн ээлжинд тархалтаас хамаараад
нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгүүдэд ор бэлдэх бэлтгэл ажлыг эхлүүлсэн.
Халдварын нэг удаагийн хэрэгсэл, эм тариа, оношлуур одоогоор хангалттай байгаа.
Мөн дараагийн шатны бэлэн байдлыг хангах тооцоо, судалгаа хийж байгаа. Мөн нийслэлийн
9 дүүрэгт коронавирусний шинжилгээ, тандалтын 11 хэсэг байгуулсан. Үүнд
халдвартай иргэнтэй хавьтлын хүмүүсийг шинжилгээнд хамруулна. Анх нэг,
хоёрдугаар хавьтлын 2000 гаруй байсан бол одоо 2800 болж нэмэгдсэн байна.
-Банкны зээлтэй хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Үүнийг Засгийн газар, УОК ярьж, судалж байгаа юу?
Г.Ариунбуян: Банкны зээлтэй холбоотой асуудлыг судалж байгаа.
-Зах,
худалдааны төвүүдийг хаах уу?
З.Мэндсайхан: Хүнсний зах, худалдааны төвүүдийг хаахгүй. Тэгэхээр иргэд байгаа газрынхаа
хүнсний дэлгүүр, захаас хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой. Тиймээс
иргэд хамгийн ойрхон дэлгүүрээрээ үйлчлүүлэх хэрэгтэй.
-Өргөн
хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг нэмсэн аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага
тооцох вэ?
Т.Гантулга: ШӨХТГ, МХЕГ, ЦЕГ хяналт тавьж байгаа. Хүний бүтээгдэхүүнд үнийн өөрчлөлт
гараагүй. Амны хаалтын үнэд тодорхой өөрчлөлт гарсан бөгөөд үүнийг
шийдвэрлэхээр тодорхой ажил өрнүүлж байгаа. Иргэдэд үнийн хөөрөгдлийн талаар
тодорхой мэдээлэл байвал нийслэл, бүх аймгийн Мэргэжлийн хяналтын газрын
шуурхай штабт хандах боломжтой. Шуурхай штабууд 24 цагаар ажиллаж байгаа.
-Амжиргааны
түвшин доогуур өрхийн иргэд амны хаалт, гар ариутгагчаа авч чадахгүй байх асуудал
тулгарч байна. Тэгэхээр хүнсний талон авдаг өрхүүдэд амны хаалт, гар ариутгагч
тараах боломж байгаа юу?
Т.Мөнхсайхан:Улсын
хэмжээнд бидэнд амны хаалтг, гар аруйтгагчийн нөөц бий. Үүнийг эрүүл мэндийн
байгууллагуудад хэрэглэх юм. Иргэдэд тараах боломж байхгүй.
Г.Ариунбуян:
Амны хаалт, гар ариутгагчийн улсын нөөц бий. Энэ нөөцөд
Монгол Улсын нийт хүн амын 30 хувийг нэг удаа хангах боломж бий. Худалдаанд
амны хаалтны хомсдол үүссэн тохиолдолд улсын нөөцөөс хангах боломж бий.
-Дархан-Уул
аймаг мөн эрсдэлтэй байгаа юу. Сэлэнгэ аймгийн сэжигтэй тохиолдлын ойрын
хавьтлын хүн Дархан-Уул аймаг руу зорчсон гэсэн мэдээлэл бий?
Т.Мөнхсайхан: Дарханд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тухайн хүн Хархан нүдэн тоглолтыг
үзсэн гэсэн мэдээлэлтэй байгаа бөгөөд шинжилгээний хариу гараагүй байна.
-III, IV хороололд мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэсэн. Энэ талаар?
Т.Мөнхсайхан: Энэ бол батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тусгаарлаж байгаа юм.
Үүнийг зарим хүмүүс буруугаар тайлбарлаж, ташаа мэдээлэл түгээж байгаа тул иргэдийг
УОК, ЭМЯ-ны мэдээллийг авах нь зүйтэй.
-Цаашид
нөхцөл байдал хүндрэх үү?
Т.Мөнхсайхан: Батлагдсан тохиолдлуудын нэг, хоёр, гуравдугаар хавьтлын шинжилгээний
хариунууд гарсны дараа цаашдийн нөхцөл байдлыг дүгнэж хэлэх хэрэгтэй байх.
-Уул
уурхайн салбарт маш олон хүн ажилладаг. Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарласан.
Орон нутгаас түр ирсэн эсхүл уур уурхайн салбарт ажилладаг хүмүүсийг хотоос
хэрхэн гаргах вэ?
Г.Ариунбуян: Стратегийн ач холбогдол бүхий салбар, дэд бүтцийн бүтээн байгуулалтад
ажиллаж байгаа албан хаагчдын ээлжийн бүрэлдэхүүнийг сэлгэх асуудлыг
шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа. Нэгэнт хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа тул
тухайн аж ахуйн нэгж энэ асуудлаа өөрсдөө зохицуулах шаардлагатай. Бид бүхэн хорио
цээрийн дэглэмийг чанад мөрдөж, хариуцлагатай ажиллах нь зөв.