Орон нутаг, хот хоорондын тээврийг өнөөдрөөс зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-12 17:43:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолоор хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ оны 11 дүгээр сарын 17-ны 06.00 цаг хүртэл хязгаарлаад байна.

Бүх нийтийн бэлэн байдал зарласан УОК-ын тогтоол гарах үе, энэ сарын 11-ний өдрийн 03:00 цагийн байдлаар Улаанбаатараас орон нутгийн чиглэлд 21 тээврийн хэрэгслээр 735 зорчигч, орон нутгаас нийслэл хотын чиглэлд 22 тээврийн хэрэгслээр 770 хүн зорчиж байв. 

Өмнөх, 3 хоногийн хөл хорио тогтоосон энэ сарын 11-ний УОК-ын 12 дугаар тогтоол, ЗТХ-ийн сайдын А/214 дугаар тушаалыг тус тус үндэслэн Улаанбаатар хотоос гарах хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд галт тэрэг болон орон нутгийн хот хоорондын нийтийн тээврээр зорчих тасалбарын үнийг шимтгэлгүйгээр буцаан олгох, хойшлуулах ажлыг зохион байгуулсан юм. 

Нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буй өнөөдөр, 11 дүгээр сарын 12-ны өдөр аймаг, орон нутгаас Улаанбаатар хот руу 24 чиглэлийн 58 тээврийн хэрэгсэл гарч, 1464 зорчигч тээвэрлэж байна. Мөн энэ өдрийн 11.40 цагийн байдлаар Улиастай-Улаанбаатар чиглэлд өчигдөр, 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18:00 цагт 13 зорчигчтой тээвэрлэлтэд гарсан тээврийн хэрэгсэл өнөөдөр 11 дүгээр сарын 12-ны 13.50 цагт Улаанбаатар хотод ирээд байна. Үүгээр хот хоорондын тээвэр дуусч зогсоод буйг ЗТХЯ, АТҮТ-өөс мэдээлэв. 


Холбоотой мэдээ