Архи , согтууруулах ундаа худалдахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-12 17:29:32

Төв /МОНЦАМЭ/. Аймаг, сумдын Онцгой комиссын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллах, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Төв аймгийн Засаг даргын А/562 дугаартай захирамж гарлаа. 

Тухайлбал аймгийн нутаг дэвсгэрт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хийх зохицуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллах талаар дараах захирамжууд гаргажээ. Үүнд: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглов.

Мөн Хүнсний худалдаа, үйлчилгээний газар болох хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах худалдаа болон олон улс, улсын чанартай автозам дагуух төв суурин газар үйл ажиллагаа явуулж байгаа  ресторан, кафе, нийтийн үйлчилгээний цайны газар, сүлжээ хоолны газар, хүргэлтийн хоолны газруудын үйлчлэх цагийн хуваарийг 09:00-19:00 цаг хүртэл тогтоов.

Мөн шуурхай штабын томилгоот бүрэлдэхүүний хоол хүнс, бичиг хэрэг, шатахууны зардалд таван зуун мянган төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах аж. 

Холбоотой мэдээ