С.Батбаатар: УИХ-ын үйл ажиллагаа өнөөдрөөс цахим горимд шилжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-оос нийслэлд 3 хоног хөл хорио тогтоосонтой холбогдуулан УИХ-ын үйл ажиллагаа өнөөдрөөс цахим горимд шилжиж байна.
Тодруулбал, УИХ-ын ажлын баг, байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар хуралдах юм. УИХ-ын хаврын ээлжит чуулганаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд цахим хуралдааны талаар заалт нэмж оруулсан юм. Уг заалтыг дагуу чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордны 5 танхимаас цахимаар явна. Түүнчлэн УИХ-ын Тамгын газар мөн цахимаар ажиллах болжээ.
Энэ талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар хэвлэлийн хурал хийхдээ, “Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулсны 30 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн, 13.00 цагт болох байсан УИХ-ын чуулганы Хүндэтгэлийн хуралдаан, маргааш болох байсан эрдэм шинжилгээний хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон” гэлээ.
Мөн Төрийн ордонд хөл хорионы дэглэм үйлчилж, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг түр журмын хүрээнд хязгаарлалтай ажиллуулах болж, 11-11 төвөөр иргэдийг хүлээн авахаа зогсоосон байна. УИХ, Засгийн газраас хэвлэлийн бага хурал хийхдээ өнгөрсөн хавар тогтоосон түр цэгт зохион байгуулах аж.
Ташрамд дурдахад, тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрсэн тул УОК өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-нээс эхлэн гурав хоног нийслэлд хөл хорио тогтоогоод байна.