Цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг хуулийн хүрээнд дэмжихийг үүрэг болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-11-10 16:45:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар нар өнөөдөр МХЕГ-ын ажилтай танилцлаа.


Энэ үеэр агаарын бохирдлыг бууруулах Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62, 2020 оны 189 дүгээр тогтоолын хүрээнд хийж буй хяналт шалгалт, "COVID-19"-өөс урьдчилан сэргийлэх ажлын талаар МХЕГ-ын мэдээллийг сонсов.

 

МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга "COVID-19"-өөс урьдчилан сэргийлэх ажил, агаарын бохирдол, “Дижитал шилжилт-хэрэглэгчтэй хамтарсан хяналт” төсөл болон ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа зэрэг тулгамдсан асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр цар тахлын үед Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг зөвлөн туслах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого баримтлан хийж байгааг онцолсон. Улсын хэмжээнд 15 боомтод 485 улсын байцаагч, 121 ариутгагч, лабораторийн шинжээч, албан хаагч ажиллаж байгаа бөгөөд манай улсад бүртгэгдсэн “COVID-19”-ийн тохиолдлуудын 40 гаруй хувь нь зөвхөн Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн иргэдээс илэрсэн тул хойд хилийн боомтуудын хяналтыг чангатгаж байгаа гэв. Улмаар зарим боомтууд дахь тусгаарлах байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, мэргэжлийн хяналтын байгууллагад хууль эрх зүйн орчны өөрчлөлт болон дижитал шилжилтийн ажлыг эхлүүлснээ танилцуулав. 2020 оноос эхлэн дөрвөн үе шаттайгаар хэрэгжих “Дижитал шилжилт-хэрэглэгчийн хяналт” төсөл нь иргэд, хэрэглэгчдийн төрөөс авч буй үйлчилгээг энгийн, шуурхай байдлаар хүргэх, тэдний оролцоотой хяналт шалгалтын механизмыг бий болгох зорилготой аж. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ч мэргэжлийн хяналтын байгууллага онцгой анхаарч буйг дурдав.

 

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нэгэн үе энэ байгууллагыг удирдаж байсан хүний хувьд би та нөхдийн жаргал зовлонг сайн мэднэ. Шалгуулж байгаа, алдаа гаргасан хүн түүнийгээ хүлээх дургүй байдаг. Гэсэн ч та бүхэн мэргэжлийн бай, муу хэлэгдэхээс бүү ай. Дижитал шилжилт зэрэг шинэтгэлийн ажлууд эхлүүлж байгаад талархаж байна. Төр байгаа цагт хяналт шалгалт байна. Та бүхнийг хуулиас дээгүүр гишгэх гэсэнтэй нь хариуцлага тооцож чаддаг, хичээж яваад нь зөвлөн туслах анд нөхөр нь болж чаддаг, хатуу зөөлөн аргыг хавсран хэрэглэдэг байгууллага байгаасай гэж хүсэж байна” гээд "COVID-19"-ийн халдварыг дотооддоо алдахгүй байх, агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг, цар тахлын хүнд үед аж ахуйн нэгж байгууллагуудыг хуулийн хүрээнд дэмжих бодлого баримтлахыг үүрэг болголоо.

 

Өнөөдрийн байдлаар МХЕГ, 21 аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, байнгын үйл ажиллагаатай 26 хилийн боомт, 16 гүний терминалд 26 хяналтын чиглэлийн 2200 улсын байцаагч 105 хууль, 4400 стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид 2020 оны нэгдүгээр сарын 06-аас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хилээр нэвтэрсэн 330 гаруй мянган тээврийн хэрэгсэл, 500 орчим мянган зорчигчид хяналт, эрүүл мэндийн тандалтыг хийж, 21353 зорчигчийг тусгаарлах байранд шилжүүлэн, халдварын сэжигтэй 100 орчим гадаадын иргэнийг холбогдох байгууллагатай хамтран тухайн орон руу нь буцаажээ. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг зөрчсөн 109 зөрчлийг илрүүлэн, 716 тонн түүхий нүүрсийг журамласан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ