М.Нямсүрэн: Боловсролын салбарт одоо хүрчихсэн байгаа түвшнээ алдахгүй, улам сайжруулж тогтмолжуулах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-08 12:59:35

Архангай /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу боловсрол, соёл, хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуй, хүнсний эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр энэ сарын 2-6-ны өдрүүдэд хамтарсан хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнгээс асууж тодрууллаа.   


-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төлөвлөгөөт хяналт шалгалтыг Архангай аймагт зохион байгууллаа. Ямар байгууллагуудыг хамруулсан бэ?

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас жил болгон төлөвлөгөөт хяналт шалгалтыг баталдаг. Энэ онд МХЕГ-ын даргын баталсан 01/206 тоот удирдамжийн хүрээнд Архангай аймагт боловсол, соёл, эрүүл мэндийн байгууллагуудад хяналт шалгалт хийх, мөн худалдаа үйлчилгээний эрүүл ахуйн, халдвар хамгааллын чиглэлээр нэгдсэн хяналт шалгалт хийлээ. Шалгалтын бүрэлдэхүүнд МХЕГ-ын боловсрол, соёлын хяналтын хэлтсийн даргаар ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг аймгийн МХГ-ын холбогдох байцаагч нартайгаа хамтран ажиллалаа. Шалгалтад төлөвлөгдсөн 20 гаруй албан байгууллагуудыг хамруулсан. Архангай аймагт 100 гаруй боловсролын байгууллагаас төлөөлөл болгож сургууль, цэцэрлэг, дээд боловсрол, МСҮТ, худалдаа үйлчилгээний газруудыг шалгалтад хамрууллаа. Ололттой талууд юу байна, дутагдалтай, зайлшгүй яаравчлан засаж залруулах ажлууд юу байна вэ, цаашид юунд анхаарч ажиллах вэ гэдэг хүрээнд шалгалтын дүн мэдээг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нарыг байлцуулан, шалгалтад хамрагдсан бүх байгууллагын удирдлагуудыг оролцуулж мэдээлэл хийлээ.

-Шалгалтын мэдээлэл яаж гарсан бэ? Давуу, сайн зүйлүүд нь юу байв?

-Архангай аймгийн боловсрол, соёлын байгууллагуудын хувьд өвөрмөц онцлогтой байдал ажиглагдсан. Онцлогтой байдлаараа ч тэрүү давуу, ач холбогдолтой, ололт амжилт дүүрэн байгааг шалгалтын явцад тогтоолоо. Юу вэ гэхээр нэгдүгээрт, Архангай аймагт багшийн сургууль байдагтай холбоотойгоор багшлах боловсон хүчин 100 хувь хангагдсан байдаг юм байна. СӨБ-ын багш нар, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид гээд бүх түвшиндөө мэргэжлийн хүмүүсээр бүрэн хангагдсан байна. Цэцэрлэгийн туслах багш л гэхэд бакалаврын зэрэгтэй байна. Энэ мэтчилэн давуу, онцлог талууд байна. Энэ маань боловсролын байгууллага нь багшийн чадамж, хүчин чадлаас хамааралтай байдаг учраас сургалтын чанарт ч гэсэн энэ нь эерэг нөлөөлөл үзүүлсэн гэж харагдахаар байна.

Дараагийн дугаарт, боловсролын байгууллагуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж, асар их хөрөнгө оруулалтын ажлууд хийсэн байна. Сургууль, цэцэрлэгүүдийг шинээр барихаас гадна өргөтгөл засварын ажлууд, дээрээс нь тоног ттөхөөрөмжийн хангалтууд, сургалтын хэрэглэгдэхүүний шинэчлэгдсэн байдал зэргийг харах юм бол нэлээдгүй зүйлийг хийж амжуулсан байна. Энэ нь Архангай аймгийн багш, сурагчийг хөгжүүлэхэд хийсэн орон нутгийн удирдлагуудын хүчин чадал, чармайлт, бүтээж бий болгосон ажлууд нь амжилтад хүрсэн байгаа юм. Үүний нэг гол үзүүлэлт нь ЭЕШ-ын оноо. 12 байраар урагшуулсан байгаа шүү дээ. Тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдахаас гадна түүнийг бүрэн дүүрэн ажиллуулна гэдэг нь чухал. Аймгийн ЗДТГ-аас санаачилгатай ажиллаж, багшийг хөгжүүлэх дэд хөтөлбөрүүд, тоглоом наадгайн хангамжийг сайжруулах, сурагчдыг бүтээлч байдал руу сургах гэх мэтчилэн ажлуудыг хийсэн байдал нь амжилтын үндэс болсон байх.

-Нийтлэг анхаарах зүйлүүд юу байна вэ?

 -Сайны хажуугаар саар зүйлүүд, зайлшгүй засаж залруулах зүйлүүд байна. Тэр нь цэцэрлэгийн байгууллагуудад гадаа тоглоомын талбайн аюулгүй байдалд анхаарч ажиллах шаардлагатай байна. Сургуулийн анги кабинет, лабораториудыг сайн тоног төхөөрөмжөөр хангасан ч түүнийг 100 хувь ашиглалттай байлгах байдалд багш нарыгаа ч, сургуулийн менежментийг ч чиглүүлэх шаардлага байгааг олж харж, удирдлагуудад нь танилцуулсан.

Эрүүл ахуй халдвар хамгааллын чиглэлээр шалгалт хийсэн. Ундны усны баталгаажуулалтын байдал, эрүүл аюулгүй байдлынхаа дүрэм, журам, нөхцөл байдлыг тогтмолжуулах асуудал маш чухал байна. Бүрэн хэрэгжиж, тогтмолжиж, дадал болоогүй зүйлийг олж, илрүүлж, анхааралдаа авч ажиллахыг санууллаа.

Дотоод хяналтын ажлыг бол бүхий л салбарын байгууллагуудад журмынх нь дагуу хийж чадаагүй байна. Энэ тал дээр дараагийнхаа ажлыг илүүтэй анхаарч ажиллахыг санууллаа. Үүнтэй холбоотойгоор байгууллагуудын дотоод ажил хариуцсан ажилтнуудыг хамруулсан сургалт зохион байгууллаа. Төлөвлөлтийг яаж хийх вэ, ямар ажлуудыг дотоод хяналтаараа хийх ёстой байдаг, ажилтнуудаа яаж үнэлэх, дотоод хяналтынхаа ажил дээр ямар системийн үнэлгээг өгч болох вэ гэх зэрэг нарийн детальчилсан зөвлөгөө, сургалтыг өгсөн. Үүнийг цаашдаа ажилдаа хэрэгжүүлж ажиллах тухайгаа ИТХ, ЗДТГ-ын дарга нартай ярьсан байгаа.

ЗДТГ, БСУГ, ХХААГ-ын үйл ажиллагатай танилцаж, хуулийн болон зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилт ямар байгаа талаар харж, үнэлгээ өгсөн. Харьцангуй сайн зүйлүүд байгаа ч зарим бичиг баримтуудын зөрүүтэй байгаа байдал ажиглагдсан. Зарим зүйл дээр илүү санаачилгатай ажиллах зүйлүүд байгааг албан шаардлагаар өгч, хугацаатайгаар ажлуудаа сайжруул гэдэг үүрэг даалгавар өглөө.

-Аймгийн соёлын байгууллагуудын дүн мэдээлэл ямар байв? Анхаарах зүйлүүд нь?

-Аймгийн соёлын чиглэлийн хяналтад анхаарах ажлууд байна. Боловсролын хувьд одоо хүрчихсэн байгаа түвшнээ алдахгүй, улам сайжруулж, тогтмолжуулах хэрэгтэй. Засаглалын хувьд өөрчлөгдөж байгаа ч гэсэн нэгэнтээ хүрчихсэн боловсролын одоо байгаа түвшнээ улам тогтмолжуулж авч явах шаардлагатайг хэллээ. Соёлын байгууллагуудын хувьд хөрөнгө оруулалтууд ч гэсэн сул байна. Архангай аймгийн хувьд соёлын өвийн хосгүй үнэт зүйлүүд ч их байна. Эдгээрийн хадгалалт хамгаалалтын тал дээр анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж ажиллах цаг хугацаа зайлшүй болчихсон байна. Тухайлбал, Чонон хөшөөний хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг яаралтай хийхгүй бол цас, борооны усанд идэгдэж, аюулгүй байдал нь алдагдаж байгааг чухалчилж анхаарууллаа. Бүртгэл хамгаалалтын байдал нь ч гэсэн янз бүрийн нэрээр бүртгэгдсэн байх жишээтэй. Энэ соёлын үнэт зүйлийн хамгаалалтыг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Мөн музейн барилгын зураг төсөв нь гарчихсан юм билээ. Тэрийг үргэлжлүүлээд яаралтай шийдэж, музейн үзмэрүүдийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй байна. Ингээд олон зүйлийг 5 өдрийн дотор амжуулж, шинэ, хуучин удирдлагуудтай уулзаж, өнөөдрийн байгаа нөхцөл байдлын сайн, муу байгаа талаар дэлгэрэнгүй ярилцаж, зөвлөгөө өглөө.

Салбарын удирдлагын бүрэлдэхүүнд аль сургууль, цэцэрлэг дээрээ юунд анхаарах вэ, аюулгүй байдал нь яаж алдагдаж байгаа, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм алдагдаж болзошгүй эрсдэл бий болох аюул байгаа гэдгийг анхаарууллаа.

-Шаардлага, зөвлөмж өгсөн гэлээ. Ямар хугацаанд зөрчлийг арилгах вэ?

-Хяналтын байгууллагын хувьд урьдчилан сэргийлэх хяналт, төлөвлөгөөт, гүйцэтгэлийн гэсэн хэлбэрүүдийг ашигладаг. Энэ удаагийн бид нарын хяналт бол төлөвлөгөөт хяналт учраас албан шаардлагууд хугацаатай. Хугацаа болоход буюу 4 дүгээр сард гүйцэтгэлээр хяналт хийнэ. Энэ үед байгууллагууд бидний өгсөн зөвлөгөө, шаардлагын дагуу хийх ажлын төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлсэн байх ёстой. Төлөвлөсөн ажлуудаа хэрхэн биелүүлсэн талаараа гүйцэтгэлийн тайлан гаргаж өгнө. Бид тайланд дахин гүйцэтгэлийн шалгалт хийж, гаргасан зөрчлүүдийг сайжруулж ажиллах юм. Сая хүнсний байгууллагуудад гарсан нийт зөрчлийн 23 хувийг, халдвар хамгааллын чиглэлээр гарсан зөрчлийн 47 хувийг, боловсрол, соёлын чиглэлээр гарсан зөрчлийн 20-иод хувийг нь газар дээр нь арилгуулж ажилласан байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ