“Улаанбаатарын үйл явц” ээлжит хурлаа цахимаар зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-11-03 14:27:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх" ТББ-уудын хамтын ажиллагааны механизм болох “Улаанбаатарын үйл явц” (Ulaanbaatar Process)-ын ээлжит хурал өнөөдөр цахим хэлбэрээр боллоо.  

Уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдал, Солонгосын хойгийн байдал, төлөв, мөн "COVID-19"-ийн цар тахал гишүүн орнуудын дотоод байдал болон бүс нутгийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буй талаар оролцогч байгууллагуудын төлөөлөгчид харилцан мэдээлж, 2020 онд хийсэн ажил, олсон амжилт, тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар танилцуулав. 

“Цэнхэр Сүлд” ТББ-ын төлөөлөгч тус байгууллагаас хэрэгжүүлсэн ажлыг танилцуулсны дээр Монгол Улс цар тахалтай амжилттай тэмцэж байгаа талаар тодорхой мэдээлэл өглөө. Хойд Солонгосын үндэсний Энхтайвны хороо илгээлт ирүүлж, хуралд шууд оролцох боломжгүй байгаадаа хүлцэл өчиж, хорооныхоо үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв. 


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд тухайн улсаас Зүүн Хойд Азид явуулах бодлогод нь зарим өөрчлөлт гарч болзошгүйг харгалзан үзсэний үндсэн дээр “Улаанбаатарын үйл явц”-ын хурлыг энэ оны 11 дүгээр сард багтаан сэргээн зохион байгуулж, үүсэж болох нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, 2021 оны ажлаа хамтран төлөвлөхөөр тохиролцлоо. 

Цахим хуралд Монгол Улс, БНСУ, БНАСАУ, ОХУ, БНХАУ, Япон болон АНУ-ын ТББ-ын төлөөлөгчид, мөн 4 байгууллагын ажиглагч оролцов. 

Холбоотой мэдээ