Боловсролын салбарын сургалтын чанар өгөөжийг дээшлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-24 23:26:44

Дархан-Уул аймагт “Зөв Монгол хүүхэд хөтөлбөр-Хүүхэд бүрийн хөгжилд” аймгийн боловсролын чуулган болж аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд, ЗДТГ-ын дарга болон хэлтэс, агентлагийн дарга нар, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, 1000 гаруй багш сурган хүмүүжүүлэгч, сурагч оролцлоо.

Чуулганыг нээж аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат баяр хүргэж үг хэлсэн бөгөөд 2013 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас “Ном”, “Авъяас” дэд хөтөлбөрүүдийг баталж тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг төсөвт тусгаж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилласан нь тодорхой үр дүнгээ өгч байна гэж онцлов. Мөн аймгийн БСГ-ын дарга Р.Батжаргал БСШУЯ-наас орон даяар хэрэгжүүлсэн “Ном”, “Авьяас”, “Сайн хичээл” зэрэг хөтөлбөрийн үр дүн, хэрэгжилтийн талаар тайлагнасан бол аймгийн Засаг дарга А.Энхболд “2016-2017 онд Ерөнхий боловсролын салбарт баримтлах стратеги бодлогын баримт бичиг” сэдэвт илтгэл тавилаа. Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд бага боловсролын сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор БСШУЯ, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн II шатнаас Ерөнхий боловсролын есдүгээр сургуулийн зэрэг нийт 11 төсөл шалгарсан байна.

“Зөв Монгол хүүхэд хөтөлбөр-Хүүхэд бүрийн хөгжилд” аймгийн бололвсролын чуулганы үеэр эдгээр төслүүдэд нийт 67 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх “Батламж”-ийг гардууллаа.

                                                                  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ