Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ном, сургалтын техник хэрэгсэл гардуулав

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-05-24 23:20:36

Дархан-Уул аймгийн Дархан сумын “Жигүүр цогцолбор” сургуульд суралцдаг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж Монголын Хараагүйчүүдийн холбооноос ухаалаг самбар, томруулж хэвлэсэн сурах бичгүүдийг гардуулах ёслол болов.

Уг ёслолд тус сургуулийн захирал н.Давааням, Монголын Хараагүшйчүүдийн холбооны нарийн бичгийн дарга П.Шинэцэцэг, тус холбооны Данийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ж.Оюунгэрэл, Дархан-Уул аймгийн Хараагүйчүүдийн холбооны дарга Б.Чагцалням нар оролцлоо.

МХХ-ны Данийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ж.Оюунгэрэл:-“Манай холбоо нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 16 мянган гишүүнтэй ашгийн бус байгууллага. Манайх Данийн хараагүйчүүдийн холбоотой хамтарч үндэсний хэмжээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хүрээндээ бид харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих зорилгоор төсөл хэрэгжүүлж үүнийгээ Дархан-Уул аймгаас эхэлсэн. Өнөөдөр бид тус аймгийн “Жигүүр цогцолбор” сургуулийн 7в ангид суралцдаг харааны бэрхшээлтэй хоёр хүүхдэд томруулсан хэлбэрээр хэвлэсэн сурах бичгүүдийг гардуулж байна. Мөн энэ төслийн хүрээнд ухаалаг самбарыг бас өглөө. Энэ нь харааны бэрхшээлтэй хүүхдүүд бусад хүүхдийн адил бүтээмжтэй орчин бий болгож сурч боловсороход нь шаардлагатай зүйлийг манай холбоо дэмжиж олгож байгаа маань энэ юм. Цаашдаа бид бусад аймгуудад байгаа ийм хүүхдүүдийг төв рүү татах биш аймаг аймагт нь сурах орчноор нь хангах зорилготой ажиллаж байгаа. Дарханд хэрэгжүүлж байгаа энэ төсөл үр дүнтэй байвал бусад аймгуудад нэгэн адил хэрэгжүүлэх юм” гэв.

                                         Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ