Минж нутагшуулах төв дулаан байртай өвөлжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-10-28 18:04:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Гачууртын аманд байдаг Минж нутагшуулах төв 2 жилдээ дулаан байртай өвөлжих гэж байна.

Тодруулбал, тус төвийн Экологийн сургалтын байрыг “Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн зөвлөл”-ийн “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” төсөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Барилгын эрчим хүчний үр ашиг” төслийн санхүүжилтээр дулаалсан юм. 

Манай улс Туул голын экосистемийг хамгаалах, урсцыг байгалийн аргаар тохируулах зорилгоор Туул голд ХБНГУ, ОХУ-аас  47 толгойг авчирснаас 16 бодгалийг Заан Тэрэлжид тавьж 31-ийг нь Минж нутагшуулах төвд тэжээж байгаа юм. Сүүлийн 5 жилд нийт 45 төлтэй болоод байна. 


Минж нь Амьтны тухай хуульд заасны дагуу нэн ховор амьтны төрөлд ордог. Манай улс 1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон бөгөөд Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа амьтан юм.

Дэлхий дээр хойд Америкт тархсан канад минж (Castor Canadensis), евразийн минж (Castor fiber) гэсэн хоёр зүйлийн минж амьдардаг бөгөөд евразийн минж нь дотроо хэд хэдэн салбар зүйлтэй. Манай оронд шар минж хэмээх салбар зүйл нь тохиолдоно.

Минж нутагшуулах төслийн нэгжийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор НИТХ-аас өнгөрсөн онд тогтоол гарган Минж нутагшуулах төвийг Нийслэлийн Байгаль орчны газарт нэгтгэн ажиллаж байна.


Холбоотой мэдээ