ХХААХҮ-ийн сайдын багцын зардлыг 176.1 тэрбум төгрөгөөр багасгана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-10-27 16:09:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.27) хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.


Тодруулбал, Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2021 оны төсвийн төслийг УИХ-ын бүх байнгын хороо хэлэлцэж, харъяалах байгууллагуудынхаа төсвийг хэлэлцэж буй юм.


Тус байнгын хороонд харъяалагддаг ХХААХҮ-ийн сайдын багцын нийт зардал 186.9 тэрбум төгрөг бөгөөд 2020 оны тодотголоор баталсан төсвөөс 48.5 хувиар буюу 176.1 тэрбум төгрөгөөр багасахаар тусгажээ.  УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолд Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчин өрхөд ноолуурын урамшуулал олгохоор тусгасан. Үүнийг хэрэгжүүлэхээр 175.6 тэрбум төгрөгийг урсгал шилжүүлгээр олгосонтой холбоотой байна. 2020 оны тодотголоор батлагдсан төсөвтэй харьцуулахад урсгал зардлыг 171, хөрөнгийн зардлыг 6.4 тэрбум төгрөгөөр багасгаж төсөвлөсөн бол эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн хэмжээг 1.3 тэрбум төгрөгөөр нэмжээ.


Харин БОАЖ-ын сайдын багцын нийт зардал 2021 онд 164 тэрбум төгрөг байгаа бөгөөд энэ нь 2020 оны тодотголоор баталсан төсвөөс 4.2 хувиар буюу 6.6 тэрбум  төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. 2021 оны төсвийн төсөлд урсгал зардлыг 7 тэрбум төгрөгөөр нэмж, хөрөнгийн зардлыг 0.5 тэрбум төгрөгөөр бууруулан төсөвлөсөн байна.   


Төсвийн төслийн талаар Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулав. БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 164.3 тэрбум төгрөгөөр төлөвлөж 2020 оны тодотгосон төсвөөс 6.6 тэрбум төгрөгөөр нэмж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 33.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 19 төслийн санхүүжилтэд 18.6 тэрбум төгрөг олгохоор төсөвлөсөн. Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 29.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 13 төслийг 16.4 тэрбум, шинээр 4.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 6 төслийг 2.2 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөхийн зэрэгцээ шинээр хэрэгжих 2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 1 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байгааг танилцуулгадаа дурдсан. 


Мөн ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 41.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 36 төсөлд 20 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Шинээр хэрэгжих 15.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 5.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна гэж байлаа. Улмаар Үндэсний аудитын газраас дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төслийг  ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг өгчээ. 


Төсвийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй тул дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ