Уйлдаг улиас мод цэцэглэж рашаан нь ундарч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 11:26:09

Завханы Тэс сумын нутагт байрлах уйлдаг улиас хөл ихтэй байна.

Тодруулбал тус модыг үр хүүхэд заяадаг гэж хүмүүс эртнээс тахиж шүтэж иржээ. Жил бүрийн хавар тус модны эргэн тойрны хог хаягдлыг цэвэрлэж усалдаг, хайс хамгаалалтыг нь сэргээн засварладаг уламжлал Тэс нутгийнхан хийдэг байна. Мөн хаврын урь орсон өдөр, зуны билэгт сайн өдөр энэ модыг зорин ирж мөргөж залбирдаг хүмүүс газар газраас ирдэг аж. Түүнчлэн улиасны дэргэдээс жилд хоёр удаа л оргилон ундардаг рашаанаас хүртэхээр хүмүүс зорьдог болжээ.

Улиасны түүхийг өгүүлбэл эрт цагт үр хүүхэдтэй болохыг хүсдэг бүсгүй байж. Сэтгэлийг нь дэвтээн, энгэрийг нь дүүргэх шинэ хүн түүнд заяасангүй. Ханилсан хань нь орхин одож, бүсгүй ганцаар үлджээ. Бүсгүй намар оройхон ойд түлээ бэлтгэж яваад эхээсээ төөрөн хоцорсон бамбарууштай таарчээ. Үнгэсэн малгай шиг царай муутай тэр амьтныг дагуулаад харьсан ажээ. Эзэнгүй ойд ганцаардсан бамбарууш ч бүсгүйг элгэмсэн дагажээ. Тэгээд мөнөөх ойн үр садыг эмэгтэй хүүхдээсээ өөрцгүй өсгөжээ. Том баавгай болсон хойноо ойн эзэн түлээ мод, усыг нь дөхүүлж, муухан хүнээс илүү нэмэр болов гэнэ. Гэвч амьтан л юм хойно хээрийн амьдралаа хөөн одож, ичээгээ бараадах нь элбэг. Он жил өнгөрч, нэгэн хавар ичээнээсээ дөнгөж гарсан хүү баавгай ээжийгээ хайсаар ирэхэд бүсгүй урт өвлийг дуусгалгүй бие барж, нутгийнхан хөдөөлүүлсэн байж. Баавгай үнэрээр нь хөөсөөр нутаглуулсан газрыг нь олж хэдэн өдөр тэндээ хөдлөлгүй хэвтжээ. Тэгээд ойгоос улиас модыг үндэс шороотой нь булга татан авчирч тэр газраа суулгасан гэдэг. Үүнээс хойш жил бүр улиасны хормойг даган хоёр жижиг булаг оргилж, хэдхэн метр урсаад шороонд шингэх болжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ