Монголбанк статистикийн цахим хуудастай боллоо

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2020-10-23 12:24:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас бэлтгэдэг статистик мэдээллийг олон нийтэд ойлгомжтой, хялбар хүргэхээр Статистикийн цахим хуудас (stat.mongolbank.mn)-ыг нээлээ.   

Төв банк цахим хуудсаараа дамжуулан мөнгө, санхүүгийн болон гадаад секторын статистик мэдээллийг олон нийтэд хуваарийн дагуу тогтмол түгээдэг. Үүний зэрэгцээ олон улсын стандартыг нэвтрүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэхээр статистикийн чанарыг сайжруулахад анхаарч байна.

Шинээр ашиглалтад оруулж буй статистикийн цахим хуудас нь эдийн засгийн гол үзүүлэлтийн дүрслэл, тоон мэдээллийг хугацаан цуваагаар харуулж байгаа бөгөөд мөнгө санхүүгийн болон гадаад худалдааны тойм, зургийн багц, статистикийн сарын бюллетень, мэдээлэл тархаах хуваарь зэрэг Монголбанкны Статистикийн хэлтсээс боловсруулан гаргаж буй бүх тоон мэдээллийг цогцоор нь тайлбарлаж байх юм. Тодруулбал, хэрэглэгч сонирхсон тоон мэдээллээ хүссэн хугацаагаар (1989 оны 12 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарын хооронд сар, улирал, жилийн давтамжтайгаар), xlsx өргөтгөлтэйгөөр тоон мэдээллийг татах боломжийг бүрдүүлжээ.

 

Холбоотой мэдээ