Ц.Элбэгдорж: Үнэт зүйлээ сэргээж, үүсэж бий болсон буйрандаа бат зогсох ёстой

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-22 22:05:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын дөрөвдэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан нам /АН/-ын гишүүнчлэлээ сэргээж өнөөдөр үнэмлэхээ гардлаа. 


Ц.Элбэгдорж нь Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд олонхын санал авч Ерөнхийлөгч болсноор хуульд заасны дагуу намын гишүүнчлэлээсээ татгалзсан юм. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан. 


Үнэмлэхээ гардах үеэр тэрбээр, "Миний харж буйгаар Ардчилсан нам бол хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг, Монгол Улсад хүнд суртал бага байх ёстой гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг үнэт зүйлтэй нам юм. Энэ үнэт зүйлээ сэргээж үүсэж бий болсон тэр буйран дээрээ баттай зогсох ёстой гэж би боддог. Тиймээс Ардчилсан намынхаа гишүүнчлэлээ сэргээж байна" хэмээсэн юм. 


Үүний дараа сэтгүүлчид түүнээс асуулт асуув.


-Намын гишүүнчлэлээ сэргээсний цаад зорилго нь улс төрийн сонгуульд өрсөлдөх үү?

-Энгийн иргэн байгаа нь надад хамгийн сайхан. Ер нь Монгол Улсын иргэн байх нь хамгийн өндөр албан тушаал гэж ойлгож байгаа шүү дээ. 


-АН-тай хэрхэн хамтарч ажиллах вэ. Таны үүрэг оролцоо энэ намд ямар байх вэ?

-Гишүүний хувьд намынхаа ажилд идэвхтэй оролцоно гэсэн бодолтой байна. 


-Таныг АТГ-аас шалгаж байгаа асуудал эцэслэгдсэн үү ?

-Тэр асуудал хэвээрээ явж байгаа. 


-Таныг АН-ын нэр хүндийг унагасан хүмүүсийн нэг гэж тус намын зарим удирдлагууд хэлдэг. Та намдаа эргэн нэгдэж байгаа нь ёс зүйд нийцэх үү?

-Намд элсэх нь хувь хүний үзэл бодлын асуудал. АН үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг.

Холбоотой мэдээ