МҮЭ-үүдийн холбоо ШӨХТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-10-21 16:19:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭ-үүдийн холбоо, ШӨХТГ хамтран автозам, барилга зэрэг өндөр эрсдэлтэй, улирлын чанартай салбарт ажиллагсдын хөдөлмөрийн орчин нөхцөлийг судалж, хамтарсан хяналт шалгалт явуулна. 

Энэ нь тухайн салбарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах нэг алхам болно гэдгийг МҮЭ-үүдийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэмдэглэв. Дээрх хоёр байгууллага хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. 


ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, зах зээлд шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах талаар сургалт, сурталчилгаа, судалгаа явуулж, энэ талаар хийх хяналт шалгалтад МҮЭ-ийн төлөөлөгчдийг татан оролцуулж хамтран ажиллах шаардлага байгааг онцолж байв. Тэрээр мөн ШӨХТГ-т ирсэн болон шилжүүлсэн хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэж хариу өгч мэдэгдэж байх чиглэлээр хоёр байгууллага хамтран ажиллахаар болсныг дурдав. 


Хөдөлмөрийн хууль, тогтоомжийн хэрэгжилтэд үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах үйл ажиллагааг мөн хамтран хийнэ. Энэ бүхэн нь Засгийн газрын тухай, Засгийн газрын агентлагийн эрхзүйн байдлын тухай, ТББ-ын тухай хууль тогтоомжийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж, хэрэглэгч нарын эрхийг хамгаалан, зах зээлд шударга өрсөлдөөний орчин нөхцөлийг бүрдүүлэх хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хангах зорилготойг МҮЭ-үүдийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.



Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ