"Ноос, ноолуур, арьс шир-2020"-д экспортод гаргах бүтээгдэхүүнүүд дэлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-16 18:00:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг "Мишээл Экспо" төвд өнөөдөр нээлээ. 

Үзэсгэлэнг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Дондогдорж нээж хэлэхдээ, "Засгийн газраас мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд үзэсгэлэнг нээж буй"-г онцоллоо. Тэрээр, энэ онд манай улсын арьс ширний 2, гутлын 1 үйлдвэр олон улсын чанарын стандартын шаардлагыг ханган үйлдвэртээ нэвтрүүлж эхэлснийг тэмдэглэв. Мөн манай улсад Дархан-Уул болон Ховд аймагт Арьс ширний үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэлснийг тодотголоо. 




Ноолуурын салбарт үйлдвэрлэлийн ноос, ноолуур ээрэх, нэхэх сүлжих хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилт тавьж, ингэснээр одоо бэлтгэж буй түүхий эдийн 60 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах зорилтыг хэрэгжүүлж буйг дуулгалаа. 

Тэрээр, нэг ёсондоо "COVID-19" цар тахлын нөхцөл байдлаас үүдэн түр зогсоод буй ноолууран бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэхэд дотоодын үйлдвэрүүд түүхий эдийн боловсруулалтаас аваад бүтээгдэхүүний загвар, боловсруулалтаа сайжруулан бэлэн болгоод байгааг онцлов. Тодруулбал, энд Монголын "Хаан ширхэгт" брэндийг баталгаажуулан хөгжүүлж, олон улсад гаргахад бэлэн болоод буйг жишээ татав.





Ноолуурын салбарт үйлдвэрлэлийн ноос, ноолуур ээрэх, нэхэх сүлжих хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилт тавьж, ингэснээр одоо бэлтгэж буй түүхий эдийн 60 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах зорилтыг хэрэгжүүлж буйг дуулгалаа. 


"Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэн-2020"-д үндэсний, экспортын чиглэлийн Говь", "Гоёо"", "Гоёол", "Ханбогд кашимер", "Дархан нэхий"  зэрэг голлох томоохон, 120 гаруй үйлдвэр гадаадад гаргах бүтээгдэхүүнээ дэлгэн оролцож байна. 

Хэдийгээр "COVID-19" цар тахлаас улбаалаад дотоодын үйлдвэрүүд гадаад худалдаа, олон улсын чанартай үзэсгэлэн худалдаанд оролцох боломж хязгаарлагдаад байгаа боловч онлайн олон улсын платформоо хөгжүүлж цахимаар худалдаа хийж байгааг үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчдын нэг Монголын Ноос, ноолуурын холбооноос дуулгалаа. 


Үзэсгэлэнд "Говь" ХК монгол үндэсний хувцасны хэвийг шингээсэн, хатгамал бүхий, эрэгтэй хүний "Хүннү" ноолууран хослол зэрэг 40-өөд загварын шинэ бүтээгдэхүүнтэй оролцож буйг оёмлын дизайнер Б.Номингэрэл танилцууллаа. Ийм хүмүүсийг монголчууд, ялангуяа ажил хэрэгч хүмүүс ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд өмсөх илүү тохиромжтойг хэллээ. Мөн Италийн загвар зохион бүтээгч Франко Фиреротой хамтарсан, эмэгтэй хүний, органик шинэ бүтээгдэхүүний, шинэлэг загварын коллекцио дэлгэжээ. 

Тэгвэл "Ханбогд кашимер" ХХК 100 хувийн ноолууран, эмэгтэйчүүдийн болон хүүхдийн цацагтай шинэ загварын бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Ноолууран цацгийг эднийх Япон, Германы технологи бүхий ээрч сүлжих машинаараа өөрсдөө сүлжиж хийснийг үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Д.Нямтулга танилцуулав. 


Өнөөдөр нээгдэж, энэ сарын 20 хүртэл үргэлжлэх үзэсгэлэн-худалдаанд тухайлбал, ноолууран бүтээгдэхүүний үндэсний "Эвсэг" брэнд бүх бүтээгдэхүүнээ 30 хувийн, ноолууран малгай, бээлий, ороолт, оймс, хүүхдийн бүх хувцаст 50 хувийн хөнгөлөлт зарлан борлуулж буйг худалдааны менежер Е.Отгонтуяа танилцуулав. Үзэсгэлэнд хонины ноос, ямааны ноолуур болон сарлагийн хөөврийг өнгө өнгөөр хольж нэхэн үйлдвэрлэж буй "Мелина коллекшин Монгол" үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдан авагчдын сонирхлыг татаж байв. 






Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ