Хөвсгөлд 6.2 сая, Өмнөговьд 3 сая мал өвөлжинө

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-10-16 16:42:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөлжилт хүндэрч болзошгүй 9 аймагт Хөвсгөл, Өмнөговь аймаг орж байна. Хөвсгөл аймагт энэ өвөл 6.2 сая толгой мал өвөлжих урьдчилсан төлөвтэй байгаа ч хадлан, тэжээл бэлтгэх ажлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-6 хувь доогуур байна. Тус аймаг малчид, иргэдийн хэрэгцээнд 202.6 мянган тонн өвс бэлтгэхээс 138.2 мянган тонныг бэлтгэж 68.2 хувьтай байгаа аж. 

Аймаг, сумын нөөцөд нийт 4800 тонн өвс бэлтгэхээс 1134 тонныг бэлтгэжээ. 1200 тонн тэжээл бэлтгэхээс 175.5 тонныг бүрдүүлээд байна. Аймгийн нөөцөд 165 тонн өвс, 23.5 тонн тэжээл бэлтгэх юм. 


Тэгвэл Өмнөговь аймаг өөрийн нөөц бололцоогоор 400 сая төгрөг гаргаж өвс, тэжээл бэлтгээд байна. Тус аймагт өвс тэжээл нэмж бэлтгэн, худаг ус гаргах шаардлагатай байгаа аж. Өмнөговь аймаг улсын нөөцөд 2450 тонн өвс, 550 тонн тэжээл бэлтгэн нийлүүлж бүрдүүлэх үүрэг аваад байна. Тус аймагт бэлчээрийн 90 гаруй хувь нь гандуу, аймаг, сумын аюулгүй нөөцөд өвс тэжээл татаж бүрдүүлэх шаардлагатай байна. Өмнөговьд 6100 малчин өрхөд 3 сая толгой мал өвөлжих урьдчилсан тоо мэдээтэй байна. 


Холбоотой мэдээ