Н.Батбилэг: Театрын бурхдыг хувцасладаг би хувьтай

Монголын мэдээ | Соёл урлаг
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-16 19:58:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, боловсрол, соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Төрийн ордонд өнөөдөр төрийн одон, медаль хүртээлээ.


Шагнал гардсан иргэд Д.Сүхбаатарын талбайд баярт мөчөө гэр бүл, хамт олонтойгоо хуваалцаж байх үед нь сурвалжилсан юм.  



Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан УДЭТ-ын Жүжиг чимэглэлийн эрхлэгч СТА Н.Батбилэг "Миний мэргэжил тайзны урлагт хамгийн чухал нь байдаг. Учир нь уран бүтээл туурвихдаа, төсөвт төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу бүх бараа материалаа цуглуулах, арын албанд жүжигчдийг юугаар ч дутаахгүй, урам зоригтой тоглоход нь бэлтгэдэг. Тиймдээ ч би маш сэтгэл хангалуун байдаг. Театрын бурхдыг хувцасладаг гэдэг утгаараа би өөрийгөө маш азтай, хувьтай хүн гэж боддог. Би цэргийн ансамблиас эхлээд тайзны урлагийн салбарт нийт 40 гаруй жил ажилласан, энэ хөдөлмөрөө үнэлүүлж Төрийн дээд одон хүртлээ. Хөдөлмөр хийсэн хүн үр шимийг нь үнэхээр хүртдэг юм байна. Энэ хугацаанд 16 киноны зохион байгуулагч, зургийн даргаар ажилласан. Мөн УДЭТ-ын 80 гаруй уран бүтээлийн чимэглэлийг хариуцаж байв. Нэг жүжигт хамгийн багадаа 5-10 хүн, хамгийн ихдээ 150-250 хүн тоглодог. Тэр бүхний гоёл, чимэглэлийг хариуцна гэдэг асар том хариуцлага юм. Хамгийн сүүлд Анна Каренина жүжгийн чимэглэлийн эрхлэгчээр ажиллаад байна" хэмээв.




Алтангадас одон хүртсэн СЭЗИС-ийн Ахисан түвшний боловсролын сургуулийн сургалтын албаны дарга С.Түвшинзаяагийн сэтгэгдлийг сонслоо. Тэрээр, "Миний хувьд, аав, ээж, багш нарын маань суулгасан хүмүүжлийн үр шимээр ирсэн шагнал гэж бэлгэшээж байна. Нөгөөтэйгүүр, багш хүний эрхэмлэх үнэт зүйл бол оюутнуудынхаа зүг чигийг заах Алтангадас нь байх ёстой. Миний бие СЭЗИС-ийг Эдийн засгийн коллеж байхаас нь эхлээд өнөөдрийг хүртэл 29 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд шавь нарынхаа эрдэм мэдлэгийг ахиулахын төлөө хичээхийн зэрэгцээ мэргэжлийнхээ чиглэлээр ном, сурах бичгүүд боловсруулан гаргасан. Мөн нийгэмд нөлөөлөх ажлуудад өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьж байна. Багш хүний эрхэм зорилго бол оюутнуудаа эрдэмд хичээнгүй байлгах гэж боддог" хэмээлээ.



Тайз, дэлгэцийн урлагт амьд мэт тоглолтыг үзэгчдэд түгээхийн амин сүнс нь нүүр хувиргагчид байдаг. Нүүр хувиргагч Л.Энхтуяагийн хувьд улс эх орныхоо соёл, урлагийн салбарт нийт 40 гаруй жил ажилласан бөгөөд сүүлийн 14 жилд нь УДЭТ гэх том айлын нүүр хувиргагчаар тасралтгүй ажиллажээ.

Тэрбээр ярихдаа, "Кино театрын нүүр хувиргагч гэдэг ихээхэн онцлогтой мэргэжил. Учир нь тухайн жүжиг, киноны жүжигчнийг гоё сайхан харагдуулахаас илүүтэй дүрийнх нь онцлогийг товойлгож бодит мэт тоглолт үзүүлэхэд нь ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Эргээд харахад, тайзны урлагт зүтгэх хугацаандаа нийт 50 гаруй жүжиг, 100 гаруй киноны нүүр хувиргагчаар ажиллалаа. Мөн улсын их баяр, наадамд энэ жил тав дахь жилдээ нүүр хувиргагчаар ажиллалаа. Энэ ташрамд, Улсын баяр зохион байгуулах хороо, УДЭТ-ын найруулагч Б.Баатар, гүйцэтгэх продюсер П.Отгонбат, Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар нартаа талархлаа илэрхийлье. Мэдээж тайзны урлаг хамтын бүтээл байдаг. Тиймээс энэ шагнал бол зөвхөн миний амжилт биш, хамт олондоо туйлын их баярлалаа" гэлээ. 

Холбоотой мэдээ