Д.Мөнх-Амгалан: Сонгуульд оролцох залуучуудын идэвх буураагүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн санал авах өдөр нийслэлийн 23 дугаар сургуульд байрлаж буй, Чингэлтэй дүүргийн 30 дугаар хорооны 1-1 дүгээр хэсгийн байранд 15.30 цагт орж санал хураалтын байдалтай танилцлаа.
Тус хэсгийн дарга Д.Мөнх-Амгалангийн мэдээлснээр, тухайн хэсэгт сонгогчдын ирц 15.00 цагт 36.46 хувьтай байв. Тодруулбал, энэ хэсэгт санал өгөх нийт 2839 сонгогчоос 1000 орчим нь саналаа өгөөд байна. Зөөврийн хайрцгаар 18 хүний санал авчээ. Хэсгийн хороо бүртгэлийн 2, хорооны гишүүн 9, 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, нам болон нам бус 11 ажиглагч байгааг мэдээллээ.
Санал өгсөн иргэдийг насаар ангилбал 18-25 насны 72 хүн, 26-40 насны 243, 41-55 насны 230, 56-аас дээш насны 343 хүн сонгуульд оролцоод байна. Тэрээр хэлэхдээ, "Залуучууд ер нь санал хураалтад их орой, цаг нэлээн дөхсөн үед олноороо өгдөг. Тэгэхээр сонгуульд оролцох залуучуудын идэвх буураагүй. УИХ-ын сонгууль дээр ч залуус хамгийн их санал өгч байсан" гэв.
Мөн тэрээр, орон нутгийн сонгуулийг хүмүүс харьцангуй идэвхтэй өгч байна гэж үзэж буйгаа хэлөв. "Ер нь урьд урьдын орон нутгийн сонгуульд ирц харьцангуй муу байсан. Гэтэл 15.00 цагийн байдлаар манай хэсэгт 40-өөд хувьтай байгаа нь 20.00 цагт 50 хувь хүрэх төлөв харагдаж байна. УИХ-ын сонгуулиар би энэ хэсэг дээрээ хэсгийн даргаар ажилласан. Тухайн үед бол ирц өндөр байсан. Чингэлтэй дүүрэгтээ манай 1 дүгээр хороо 84 хувийн ирцтэй буюу хамгийн өндөр хувьтайгаар 2284 хүн санал өгч байсан" гэв.
Тус хэсэг дээр АН-ын ажиглагчаар сууж буй С.Үнэнээс санал хураалтын явцын талаар тодруулбал, "Би АН-аас нэр дэвшигч Ү.Халиуны ажиглагч. Би өглөө 07.00 цагаас 15.00 цаг хүртэл сууж байна. Энэ хугацаанд хэсгийн бүртгэлийн ажилтан сонгогчдын нэрсийн хавтгайг хувилах зэргээр 6-7 удаа зөрчил гаргасан тул гомдол гаргаад тухайн ажилтанг солиулсан. Хэсгийн хорооны дарга гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Одоо шинэ нэрсийн хавтгайн дээр ажиллаж байна гэв.
Санал өгч буй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, 65 настай иргэн Н.Оргодолтой уулзвал, "Миний хувьд сонгуулийг алгасахгүй оролцож саналаа өгсөөр ирсэн. 2000 оноос хойш Чингэлтэй дүүрэгт амьдарч байна. УИХ-ын сонгуульд 1-2 цаг дугаарлаж байж саналаа өгч байсан бол орон нутгийн сонгуульд дараалалгүй өглөө. Хүүхдүүд маань бүгдээрээ сонгуулиа өгсөн. Эргэн тойрныхондоо, үр хүүхдүүддээ сонгуулиа өгөөрэй гэж би хэлдэг. Энэ бол иргэн хүний үүрэг юм" гэв.
Т.Билгүүн