С.Сарантуяа: Эмийг зохисгүй хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ихэсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-14 18:36:16

Завхан/МОНЦАМЭ/. Орчин үед эмийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, эмийн нэр төрөл олширч байгаа нь эмийг зөв сонгох, оновчтой хэрэглэхэд улам бүр төвөгтэй болж эмч, эм зүйч төдийгүй энгийн хэрэглэгчдэд ч үнэн зөв мэдээлэл хүргэх нь чухал болж байна. Тиймээс Завхан эм хангамж ХХК-ийн захирал, эм зүйч, С.Сарантуяатай уулзаж эмийн зохистой хэрэглээний талаар ярилцлаа.


-Сайн байна уу? Манай аймагт эмийн зохистой хэрэглээний талаарх ойлголт мэдлэг хэр байдаг вэ?

-Ер нь бол хангалтгүй байдаг. Иргэдийн эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг ойлголт хангалтгүйгээс эмийг дур мэдэн хэрэглэснээс эмийн гаж нөлөө илрэх. Эмд дасах, хордох тохиолдол нэмэгдэж, эрүүл мэнд амь насаараа хохирох, эмчилгээний үр нөлөө буурах, эмийн харшил, нянгийн халдвар хүнд явцтай болох зэрэг сөрөг нөлөө ихсэж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг түгшээж байна. Манайхан толгойгоо өвдвөл эмчийн зааваргүйгээр л шууд толгойн эм ууна. Эмийн санд орж ирээд эмчийн жоргүй олгогддог эмийг бараг бөөнөөр нь аваад гардаг. Тэр бүрий манай эмийн санч нар зөвлөгөө, сануулга өгдөг юм. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх асуудлын нэг чухал хэсэг нь эмийн жор бичилт, эмийг жороор олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, эмийг жороор хэрэглэж сурах дадалд иргэдийг сургахад эмч, эм зүйчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх явдал юм.


-Танайхыг төв эмийн сан гэж л мэдэхээс түүхийг тань тэр бүрий хүмүүс мэддэггүй. Байгууллагаа танилцуулаач?

-Манай Завхан эм хангамж ХХК нь 1936 онд Зөвлөлтийн мэргэжилтэн А.Черняк, жор баригч Дашцэрэн, эм боогч Лхамжав, үйлчлэгч Готов, Өнөр, манаач Цээмээ нарын зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан ууган эмийн сан. Харин одоо Эм ханган нийлүүлэх төв, Эмийн сан гэсэн хоёр нэгжид найман хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Бид аймгийнхаа иргэдэд зайлшгүй шаардлагатай, чанарын баталгаатай, аюулгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр тасралтгүй, хурдан шуурхай хангах үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал хөнгөлөлттэй эмээр 2007 оноос хойш тасралтгүй үйлчилж байна. Өнөөдөр аймгийн төв, Улиастай сумын хэмжээнд эмийн үнийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын 50,9 хувьд нь үйлчилж байгаа. Эмийн хөнгөлөлттэй жороор үйлчлүүлэгчид маань 40-өөс дээш насныхан эзэлж байна. Тэд зонхилон тохиолдох өвчлөл болох зүрх судас, хоол боловсруулах замын өвчлөл, тархи толгойн болон элэг, цөсний эмийг хамгийн ихээр хэрэглэж байна.


-Эмийн зохистой хэрэглээ гэж чухам юу юм бэ?

-Эмийн зохистой хэрэглээний тухай ярихын өмнө эм гэж чухам юуг хэлэхийг дурдах нь зүйтэй байх. Тэгэхээр эм нь хүний болон мал, амьтны өвчнийг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалттай. Үйлчлэл нь эм судлал, эмнэл зүйн сорилт туршилтаар нотлогдсон. Нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай, тодорхой тун, хэмжээгээр хэрэглэгддэг бодисыг хэлнэ. Харин эмийн зохистой хэрэглээ гэдэг нь өвчтөний биеийн онцлогт тохирсон эмийг зөв сонгон, тохирсон тунгаар, шаардлагатай хугацаагаар хэрэглэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг. Эмчийн жорын дагуу тогтсон хугацаанд бүрэн тунгаар хэрэглэснээр өвчнөөс ангижирч чадна гэж ойлгож болно. Ер нь зөв эмийг, зөв тунгаар, зөв цагт, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүнд хүрнэ.

-Эмийг зохистой хэрэглэх нь яагаад чухал юм бол?

-Эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовуурь нь гайгүй болмогц хэрэглэхээ больдог сөрөг хандлага манай иргэдийн дунд түгээмэл ажиглагддаг.

Гэтэл энэ нь өвчнийг хүндрүүлж, архагших, эмд дасалттай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг болохыг мэддэггүй. Эмийг зохисгүй хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ч ихэсдэг. Тиймээс иргэн бүр өөрийн эрүүл мэнд болоод эдийн засгийн хувьд алдагдалд орохгүйн тулд эмийг зохистой хэрэглэх нь л чухал.

-Тэгвэл эмийг хэрхэн зөв сонгож хэрэглэх вэ?

-Аливаа өвчний үед эмчид хандан түүний зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Учир нь эмч танд тохирох эмийг сонгон ямар тунгаар, хэдэн удаа, хэдэн хоногийн турш, яаж хэрэглэхийг зааж жор бичиж өгнө. Мөн эмчлэгч эмчдээ өөрийнхөө ууж байгаа эмийнхээ тухай заавал хэлэх хэрэгтэй байдаг. Ингэснээр олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх. Мөн ижил үйлчилгээтэй эмийг давхар хэрэглэснээс болж, гарах эмийн гаж нөлөө, хордлого хүндрэлээс хамгаална гэсэн үг юм шүү дээ. Ер нь зөвхөн шаардлагатай, цөөн эм хэрэглэхийг зөвлөж байна. Харин эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ тэр дор нь хандаж мэдэгдэх хэрэгтэй шүү.

-Эмийн гаж нөлөө гэж байдаг. Энэ нь юунаас үүсдэг юм бол?

-Аливаа өвчин эмгэгийг эмчлэх зорилгоор эмийг хэрэглэхэд өвчтөнд ашиг тустай эмчилгээний үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ заримдаа сөрөг тааламжгүй, бүр хортой ч нөлөө үзүүлэх тохиолдол гардаг.

Үүнийг л эмийн гаж нөлөө гэж нэрлээд байгаа юм. Гаж нөлөө нь нэг зэрэг олон эм хэрэглэх, мөн эм хоорондын болон эм хоол ундны харилцан нөлөөллөөс болж эмийн гаж нөлөө илэрдэг.


-Танайх чанартай, аюулгүй эмийг нийлүүлдэг гэлээ. Тэгэхлээр эмийн чанар, аюулгүй байдал гэдэг маш чухал гэж бодож байна. Иргэд эмийг худалдан авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ? 

-Эм нь нэг болон хэд хэдэн химийн бүрэлдэхүүнтэй байдаг. Эмийг тээвэрлэх, хадгалах, түгээх нөхцөл шаардлагыг нарийн баримтлахгүй бол химийн урвалд орж, хувирснаар задрал үүсэж, эмчилгээний идэвхийг алдах тохиолдол гардаг. Ингэснээрээ хүний биед сөрөг нөлөө ч үзүүлж болох аюултай. Тиймээс ч тээвэрлэлт, хадгалалтын горимыг сайтар сахих нь чухал байдаг. Манайх эмийн тээвэрлэлт хадгалалтад маш их анхаарал хандуулдаг. Учир нь манай аймаг төвөөс алслагдмал 1000 гаруй км хол байна шүү дээ. Тэгэхлээр иргэд чанарын баталгаатай эм хэрэглэхийн тулд улсын бүртгэлд орсон эмийг л хэрэглэж занших нь чухал. Нөгөө талаар эмийн чанарын баталгааг илэрхийлэх зарим нэг үзүүлэлтийг эм хэрэглэгчид мэддэг байх хэрэгтэй. Тодруулбал эмийн хайрцгийг гаднаас нь харахад түүн дээр олон улсын нэр, худалдааны нэр, химийн бүтцийг бичсэн гээд гурван нэршил байх ёстой. Эдгээр нэрийг энгийн хүмүүс ялгаж чадахгүй байж болох ч чухал хэдэн нэр байгааг тоолж чадах нь ойлгомжтой шүү дээ. Мөн эмийг эмийн сангаас авахынхаа өмнө хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг харах шаардлагатай. Харин хүмүүсийн ам дамжсан ярианаас үүдэн өндөр үнэтэй эмийг сонирхон авч хэрэглэх хэрэггүй. Учир нь энэ бүхэн нь эцэстээ таны эм хэрэглэх сонирхол дээр тулгуурлан зах зээлийн үед мөнгө олох аргууд байх эрсдэлтэй. Тиймээс иргэн та шаардлагагүй үед өөрсдөө дур мэдэн эм хэрэглэхгүй байж, аль болох баталгаат эмийг эмийн сангаас, эм зүйчдээс шаардлагатай мэдээлэл зөвлөгөөгөө сонсоод худалдан авч хэрэглэх хэрэгтэй гэдгийг дахин сануулъя.

-Эмийн сангууд антибиотикийг зөвхөн эмчийн жороор олгодог. Антибиотикийг ямар үед хэрэглэх хэрэгтэй вэ?

-Антибиотикийг эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэх ёстой. Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглэдэг. Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай байдаг.

Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр өвчин бүрэн эдгэрэх давуу талтай байдаг. Харин антибиотикийг буруу хэрэглэвэл өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж, оношлоход төвөгтэй болдог. Цаашлаад өвчин архагших эрсдэл бий болно. Хэрэв тунг хэтрүүлэн хэрэглэвэл  өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг.

-Антибиотикийг зөв хэрэглэхийн тулд яах ёстой вэ?

-Антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирох антибиотикийг хэрэглэх хэрэгтэй. Мөн зөвхөн нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний үед эмч зөвлөсөн тохиолдолд хэрэглэнэ. Ингэхдээ заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш гүйцэд хэрэглэх нь чухал. Харин ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмийн заавраас харж, зөв хэрэглэх нь зүйтэй.

-Антибиотикийн дасал гэж юу вэ?

-Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг. Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болж байна. Хэрвээ антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах, болон харшлын ямар нэг шинж илэрвэл нэн даруй хэрэглэхээ зогсоож эмчид хандах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр иргэдийн эмийн талаарх мэдлэг хангалтгүй /эмийн нэршил, гаж нөлөө, эмийг сонгох, антибиотик, дуслын шингэн/. Өөрөө дур мэдэн эмийн эмчилгээ хийх буруу дадал хандлага тогтсон. Эмийг буруу хэрэглэдэг /дэглэм, арга/. Эмийг буруу хэрэглэснээс гарч болох сөрөг нөлөөний талаарх ойлголт хангалтгүй  /эмийн дасал, хордох, гаж нөлөө ихсэх/ 

-Тэгвэл иргэдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхийн тулд юу хийх вэ?

-Эмийг зохистой хэрэглэх, буруу хэрэглэснээс гарах хор уршиг, жорын ач холбогдлын талаар тэдний мэдлэгийг дээшлүүлэх нь чухал юм. Эмийг буруу хэрэглэдэг дадал хандлагыг нь өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх. Эмийг зохистой хэрэглэх талаар иргэдэд зориулсан мэдээллийн самбарыг тогтмол ажиллуулах. Эмнэлэгт  хэвтэн эмчлүүлэгчдэд тогтмол сургалт хийх нь чухал юм.

-Ер нь эмийн зохисгүй хэрэглээний үр дагаврыг бууруулахын тулд яах ёстой юм бол?  

-Эмийн зохисгүй хэрэглээ маш олон үр дагавартай байдаг гэж дахин хэлье. Тухайлбал хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс эмийн гаж нөлөө ихэснэ гэдгийг л иргэдэд ойлгуулах нь чухал болоод байгаа юм. Манайхан эмийг тууштай хэрэглэхгүй өвчин намдмагц хэрэглэхээ больсноос эмд дасал болно, өвчин архагшина гэдгийг л ойлгохгүй байгаад байна. Эмчилгээг дутуу хийснээс өвчин хүндэрч үнэ өртөг өндөрсөнө. Ижил найрлагатай эмийг нэг дор хэрэглэснээс эмийн тун хэтэрнэ, хордоно. Өвчтөний сэтгэл зүйд муугаар нөлөөлнө. Тиймээс цаашид эм зүйн ажилтны үйл ажиллагаа нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой. Энэ шаардлагыг эм зүйн салбарын үйл ажиллагаа, эм зүйн ажилтны үүрэг хариуцлага, эм зүйн чанартай тусламж, үйлчилгээний үр дүнд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм ч учраас манай компани эм зүйчдэдээ өндөр шаардлага тавьдаг. Мөн эм зүйн салбарын янз бүрийн нэгжид ажиллаж байгаа эм зүйн ажилтнууд мэргэжлийн үүргээ гүнээ ухамсарлан ёс зүйн үндсэн шаардлагуудыг мөрдөж, үүрэгт ажлаа эмийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай. Идэвх санаачилгатай гүйцэтгэж, орчин цагийн шаардлага, алс хэтийн чиглэл, хандлагатай уялдуулан үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай байсаар байна. 

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ